Өмнөговийн ИХ-ын дарга Х.Түмэнбаяр улсын мөнгө идэх “Уран ухаан” сийлдэг
2013/03/06
Хоёр алаг үрээ хийсэн ажлынх нь дутуу дулимаг, хариуцлагагүйн золиосонд тавьж явуулсан монгол айл гашуудалд автаж, сэтгүүлчдийн камерийн өмнө урсгаж байсан хар нулимс нь хатаагүй, шүүх хурал нь болоогүй байхад энэ хэрэгтэй хамгийн их холбоотой нөхөр өнөөдөр “Шинэчлэлийн” Засгийн газрын буянаар аймгийнхаа Иргэдийн хурлыг даргалж сууна.
Нүүрснээс төрсөн тэрбумтан гэгддэг Х.Түмэнбаярын амьдралын замнал АТГ-ынхны болон энэ чиглэлээр сурч, эрдмийн зэрэг горилж буй оюутан залуус, эрдэмтэн мэргэдийн судалж сонирхмоор сэдвийн нэг яалт ч байхгүй мөн билээ. Анх 2004 онд айлын байр түрээслэн амьдарч байсан тэрээр хоёрхон жилийн дараа гэнэт баяжиж төрөл арилжсан нь орон нутгийн өмчит уурхайн захирал болсонтой нь шууд холбоотой гэдэг. Монголын нүүрсийг Хятад руу орвонгоор нь зөөгөөд дуусч байгаа түүнийг уурхайн дарга болсноосоо хойш 4-хөн жилийн дотор арваад тэрбумын өртөгтэй тансаг зочид буудлыг Арабын шейхүүд шиг өмнийн говьд сүндэрлүүлснийг нь нутгийнхан гайхахаасаа илүү хардаж, сэжиглэн ярьцгаадаг. Монголд автомашин борлуулдаг бүх л дистрбютерүүд бүгд Х.Түмэнбаярт хамгийн эхэлж шахам машинаа борлуулдаг. Тэрээр энэ чиглэлийн бизнесийн хамгийн том худалдан авагчдын нэг бөгөөд түүний сэлгэж унадаг автомашинуудын үнийг нийлүүлбэл 250 айлд цагаан эсгий дээвэр, туургатай сайхан таван ханатай гэр бариад өгчих мөнгө болно.
Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Тавантолгой тосгонд мэргэжлийн барилгачдаар бус ажилчдаараа хийлгэсэн гэх усан оргилуурыг ашиглалтанд оруулж түүнийх нь хар гайгаар иргэн Э.Ганчулууны хоёр хүүхэд амь насаа алдсан ч хэрэг одоо замхрах тийшээ хазайсан. Тавантолгой Орон нутгийн өмчит уурхайд ажиллаж байхдаа “хуруугүй” хятадтай хуйвалдан хөрс хуулалтнаас нэлээдийг хойш хийсэн гэдэг. Шар алтны дархан хар алттай зууралдаад царай зүс нь бараантсан ч цалин пүнлүүгээрээ гялтайж эхэлсэн баримт дэндүү олон юм билээ. Наад захын жишээ хэлэхэд, авгайнхаа “Уран ухаан” гэдэг компаниар уурхайн түлш, шатахууны нийлүүлэлтийг хийлгэж суудаг их “уран ухаантай” баяжигчид. Гэнэт баяжигчид гэдсээ илж хэвтэхдээ хүртэл уран ухаан сийлж, идэж уух компанидаа ч ийм сайхан “Уран ухаан” гэдэг нэрийг олж бас чаддаг байна шүү.
Б.Эрдэнэ