ДЭМБ-ын Ерөнхий захирал ДР Маргарет Чан манай улсад албан ёсны айчлал хийнэ
2013/07/30
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан манай улсад энэ сарын 11-14-ний өдрүүдэд албан ёсны айчлал хийх гэж байна. Хатагтай ДР Маргарет Чаны энэ удаагийн айлчлал манай улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой юм.
Монгол улс 1961 оны аравдугаар сарын 10-ны өдөр НҮБ-д нэгдэж байсан юм. Харин үүнээс 6 сарын дараа буюу 1962 оны дөрөвдүгээр сарын 18-нд ДЭМБ-д гишүүнээр элсэн орсон түүхтэй. Энэ үеэс эхлэн Монгол Улсын Засгийн газар тус байгууллагатай хамтран дэлхийн болон үндэсний хэмжээнд тулгамдсан эрүүл мэндийн чухал асуудлуудыг шийдэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон.
Манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын идэвхитэй гишүүн орнуудын нэг бөгөөд ДЭМБ нь 1971 онд өөрийн төлөөлөгчийн газраа Монгол улсад албан ёсоор байгуулжээ.
Түүний намтраас товч танилцуулбал, хатагтай ДР Маргарет Чан нь БНХАУ-аас гаралтай бөгөөд Канадын Баруун Онтарио Их Сургуулиас анагаах ухааны цолоо авчээ. 1978 онд Хонг Конгын Эрүүл Мэндийн газарт ажилд орсноор нийгмийн эрүүл мэндийн ажлын гараагаа эхлүүлсэн байдаг юм. Харин 1994 онд Хонг Конгын эрүүл мэндийн захирлаар сонгогдож, есөн жилийн хугацаанд ажиллахдаа өвчний тархалтыг хянах, эрүүл мэндийн шинэ үйлчилгээнүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.
Мөн халдварт өвчний танадалт, хариу арга хэмжээг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сургалтыг сайжруулах, орон нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулахад олон шинэ санаачлагуудыг гаргаж нэвтрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй шувууны ханиад, SARS амьсгалын замын цочмог хам шинжийн тархалтын хяналт, түүний эсрэг хариу арга хэмжээг үр дүнтэй удирдаж чадснаар богино хугацаанд олон мянган хүний амь насыг аварч чадсан юм.
Тэрээр 2003 онд ДЭМБ-д Хүний Орчныг Хамгаалах газрын дарга, 2005 оны зургадугаар сард Халдварт өвчний танадалт, хариу арга хэмжээний газрын захирал болон Ерөнхий Захирлын Томуугийн Цар Тахал хариуцсан төлөөлөгч, 2005 оны есдүгээр сараас Ерөнхий Захирлын Халдварт өвчин хариуцсан туслахаар тус тус сонгогдон ажиллаж байв.
Хатагтай ДР Маргарет Чаныг анх 2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирлаар томилсон бөгөөд Ассемблейгаас 2012 оны тавдугаар сард хоёр дахь удаагаа таван жилийн хугацаатайгаар дахин сонгожээ.