Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан  хэргээр хочр жилийн ял аваад, аавын хаалга татсан ч хугацаанаасаа өмнө арын хаалгаар гарсан хотын мэр асан алиман хацарт Ц.Батбаяр гэж нэг нөхөр бий.

Түүний хэрэгт Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав болон өөрийнх нь төрсөн дүү Ц.Чанцал нар буруутгагдсан. Тэд Нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга, объектыг үнэгүйдүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан  байдаг.

Хэргийн мөрдөн байцаалтын явцад Ц.Батбаяр нь “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээрхи “Хар дун” ХК-ийн өмчид шилжүүлсэн, улмаар Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХК-ийн охин компани болгон шилжүүлж Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн, Нийслэлийн 605 сая төгрөгийн үнэлгээ бүхий газрыг үнэгүйдүүлэх гэмт хэргийг гардан үйлдсэн гэдэг нь тогтоогджээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав нь дээрхи хууль бус ажиллагаанд оролцсоныг АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс тогтоосон. 

Ингээд шүүх хурлын эцсийн мэдээ гарахад Ц.Батбаярт 2,1 жилийн хорих ял оноож, Т.Билэгтийг Өршөөлийн хуулиар яллаагүй бол Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, хотын экс даргын дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан.

Гэвч Ц.Батбаяр хугацаанаасаа өмнө суллагдаад эрх чөлөө эдлэн, жаргаж, цэнгэж яваа. Хамгийн гол нь тэрээр энэ их хохиролыг эргүүлэн төлсөн үү, одоо хаана юу хийж, манаргаж, ямар луйвар найруулж байгаа бол гэдэг сонин байна.

Г.Наран 

zaluu.mn