ОУВС-аас 440 сая ам.доллар зээлж, өр төлөх хугацааг сунгана
2017/02/20
Ч.ҮЛ-ОЛДОХ
“Stand by“-хөтөлбөрийн хэлэлцээний эхний үр дүнгийн талаар ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголбанкнаас өчигдөр хамтарсан мэдээлэл хийв.
ОУВС-аас манай улсад “Stand by”-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг санал болгосон. Энэ нь богино хугацаанд шийдэгдэх боломжгүй эдийн засгийн тогтолцооны сул талуудаас үүдэлтэйгээр, төлбөрийн тэнцлийн дунд хугацааны ноцтой хүндрэл тулгарсан тохиолдолд тохируулж хэрэгжүүлдэг “Extended facility fund” хөтөлбөр юм.
Манай улсыг үүнд хамруулснаар ОУВС-гаас 440 сая ам.долларын зээл олгох юм байна. Гэхдээ энэ мөнгө хэлэлцээр байгуулснаар шууд орж ирэхгүй. Тодорхой үе шаттайгаар олгоно. Манай улсын хувьд нөхцөл байдал амаргүй байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт удааширч, төсөв төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн, дээр нь ирэх сараас бондын эргэн төлөлтийг хийж эхлэхээр байгаа юм.
ОУВС-тай хамтран энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ татвар хураамжийг нэмэгдүүлж орлого бүрдүүлэх болон зардлыг бууруулах тус бүр найман арга хэмжээг харилцан тохиролцсон. Өмнөх Засгийн газрын үед концессийг ямар ч тооцоололгүй байгуулж ирсэн. Иймд одоо байгаа гэрээнүүдэд аудит оруулна гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулгын эхэнд тэмдэглэв. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Энэ хугацаанд төлбөрийн тэнцлийг сайжруулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, дунд болон урт хугацаанд өрийн дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 8,1 хувьд, инфляцийн түвшинг 6,1-7 хувьд хүргэх төлөв гарч байгааг хоёр тал онцоллоо.
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЯАРАВЧИЛНА
ОУВС, Монгол Улсын Засгийн газар хооронд зургаан сар гаруй хэлэлцээ хийсэн. Үр дүнд нь “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт олгох бол ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5,5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг авна гэдгийг Сангийн сайд энэ үеэр мэдэгдсэн.
Энэ нь ажлын хэсгийнхний түвшинд хийсэн тохиролцоо бөгөөд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр оруулж баталгаажуулснаар хөтөлбөр албан ёсоор хэрэгжинэ гэв. Түүнээс өмнө ОУВС-аас хэд хэдэн шаардлагууд тавьж байгаа. Түүний нэг нь 2017 оны төсвийн тодотголыг батлуулах гэв.
КОШИ МАТАЙ: ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАХЫГ САНУУЛСАН
ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай хэлэхдээ “Өнөөдрийн зарлаж байгаа тохиролцоо нь ОУВС-ийн Ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо. Энэ тохиролцоог баталгаажуулахын тулд юуны түрүүнд дэмжлэг өгөхөө мэдэгдсэн олон талт болон хоёр талт байгууллагуудаас албан ёсны баталгаа гаргуулах ёстой. Мөн урьдчилсан арга хэмжээ авах ёстой. Түүнчлэн ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжих хугацаанд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн бодлого, үр ашиггүй зардлыг танах, орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг сануулсан” гэв.
Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээгээр Монголбанк үр ашиггүй зардлуудыг санхүүжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн. Түүнчлэн ханшийг тогтвортой байлгана гэдгээ мэдэгдлээ. Харин тулгамдсан асуудал болоод байгаа Хөгжлийн банкны бондын өрийг Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор сольж төлөх хугацааг хойшлуулсан гэв. “Extended facility fund” хөтөлбөртэй холбогдуулж Сангийн яам Төсвийн тодотголыг ирэх лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд оруулах бол УИХ Цагаан сарын дараа ээлжит бусаар чуулж батална гэв.
zochin · 2017/02/20
ГОМО МӨНХӨӨ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР ИЧИХГҮЙ