Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн Биологийн хүрээлэн, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Амьтны эрх хамгаалах сан ТББ-ын мэргэжилтэн, судлаачид хамтран Их Тэнгэрийн амны хамгаалалтын бүсэд орж ирээд баригдсан шилүүсийг өчигдөр байгальд нь буцаан тавилаа.

Уг шилүүс нь 5-6 сартай, эм шилүүс байсан бөгөөд уг амьтнаас газар дээр нь мал эмнэлгийн үзлэг шинжилгээ хийж, эрүүл болохыг тогтоож судалгааны зориулалтаар эд, эсийн дээж авсан байна.

2013 оны хавар, зун Богдхан уулнаас бор гөрөөс, бугын тугал зэрэг амьтад хотын бүсэд орж ирснийг Онцгой байдлын газар, Богдхан уулын дархан цаазат газрын ажилтнууд мөн барьж авч байгалийн сүрэгт нь нийлүүлэн тавьж байв. Богдхан уулнаас зэрлэг амьтад хот руу орж ирэх тохиолдол байгаа нь голлон чоно, нохойнд хөөгдөх, хүний хөл хөдөлгөөнөөс үргэж, дүрвэх зэрэг нөлөөллөөс болж байна гэж судлаачид үзэж байна.
Сүүлийн жилүүдэд дархан цаазат газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын хүчээр Богдхан уулын зэрлэг амьтдын тоо толгойн хэвийн өсөж үржих нөхцлийг хангах олон ажил хийж байгаагийн дүнд Нүхтийн аманд нутагшуулсан янгирын тоо өмнөх жилээс 7 толгойгоор өсөж, бие гүйцсэн тэх 4, янгир 8, ишиг 8, өсвөр болон залуу 11, нийт 31 толгой янгир тоологдсоны зэрэгцээ бор гөрөөс, халиун буга, зэрлэг гахай, тарваганы тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнийг судалгаагаар тогтоогоод байгаа аж.

Х.Даваа