АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор буудан хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж, шийтгэлээ.

Ч.Баттуул нь АНУ-аас өөрийн багш Жон Мартин Кийнийг их хэмжээний бэлэн мөнгөтэй эх орондоо авчраад шунахайн сэдлээр нийслэлд ирснийхээ маргааш нь буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон аж. Харин хоёр найз нь “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг нь зөөлцсөн” хэмээн мэдүүлсэн байдаг.

Улмаар Ч.Баттуул нь хохирогчийн өмнөөс “Би Монголд байгаа, завгүй байна” гэхчилэн хоёр сарын турш ээжтэй нь фэйсбүүкээр харилцсан гэх ч мэдээлэл бий. Талийгаач Жон Мартин Кийний ээж нь Монгол дахь АНУ-ын элчин сайдын яаманд “Миний хүүг эрэн сурвалжилж өгнө үү” гэх хүсэлт илгээснээр уг хэргийг шалгаж эхэлсэн байдаг.

Ч.Баттуулын хүний аминд хүрсэн гэх хэрэгт түүний найзууд гэгдэх Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарыг хамсаатан буюу гэмт хэргийг нуун далдлахад оролцсон буюу цогцосыг зөөвөрлөж булсан гэх үндэслэлээр  буруутган тэдэнд тус бүр бүр хоёр жилийн хорих ял оноосон байна

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Ч.Батуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.12 гэсэн дөрвөн зүйл ангийг үндэслэн 23 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ Ж.Батчулууны ял эдлэх хугацааг тодорхой шалтгааны улмаас нэг жилээр хойшлууллаа.

Х.Даваа