АТГ сар шинийг угтан хэд хэдэн баривчилгаа хийхээр төлөвлөжээ. Өчигдөр Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг баривчилсан бол Н.Алтанхуягийг үгэнд нь орохгүй байгааг хуулийн байгууллагын эх сурвалж бодлоготойгоор хэлж ярьж буй биз ээ.

Тэгвэл Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зайлшгүй шалгагдаж, эцэслэгдэх ёстой хүмүүс болох захирал асан  Н.Мөнхбат,  Хөгжлийн банкны ТУЗ-ийн болон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарын нөхдүүд байгаа юм.

Н.Мөнхбатын тухайд өмнө нь баривчлагдаад, 14 хоног суугаад суллагдсан байдаг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыгаа эрх чөлөөтэй яваа гэдгийг хэвлэлээр дамжуулан хэлсэн билээ.  Тэр хэлэхдээ “Урьдчилсан хорих төвд 14 хоног шалгагдаад гарсан. Шүүхээр түүнийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан байгаа. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг. Хүнийг зохиомлоор хэрэгт гүтгэж болохгүй. Манай Мөнхбат бол сайн залуу. Мэдлэг, боловсролтой. Австрид сурч, санхүүгийн боловсрол эзэмшсэн, англи, орос, герман, францаар чөлөөтэй ярьдаг, ажилдаа махруу залуу. Чингис бондыг босгох ажлын албаны дарга нь Н.Мөнхбат байсан. Би бодлогын чанартай ажлыг нь, Мөнхбат техникийн ажлыг нь хийсэн. Мөнгө олж ирсэн гол хүмүүсийн нэг л дээ. Ер нь тэгээд залуучууддаа итгэл хүлээлгэж ажиллуулах хэрэгтэй. Ингээд залуучуудынхаа урмыг хугалаад байвал цаашид яаж Монгол хөгжих юм бэ.”  хэмээн ярьсан байдаг.

Ер нь бол Хөгжлийн банкны хэрэг луйврын чанартай гэдгийг шууд үгүйсгэх боломж байдаггүй. Эдийн засагч Д.Жаргалсайхан гуай Хөгжлийн банкийг улстөрчдийн касс гэж тунчиг зөв нэрлэсэн байсан. Үнэхээр л эрх баригчид тус банкаар зоргоороо наадсан нь баримтуудаар баталгаажсаар байна. Хууль эрхзүйн зөрчлийн хүрээнд 1.3 их наяд төгрөг зарцуулсныг шалгалтаар тогтоосон нь ил болоод байгаа билээ. Тэгэхээр илэрсэн зөрчил бүхэнтэй холбогдох учиртай экс удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой юм. Хэрэв тэгэхгүй бол Монгол Улсад хууль шүүхийн байгууллага гэж байхын хэрэг байхгүй юм.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа Н.Мөнхбатыг хуулийн хариуцлага хүлээгээд байх хэрэг үйлдээгүй ухааны юм өмгөөлөгч нь ярьсан байдаг.  Өмгөөлөгч Г.Батбаяр  “Хөгжлийн банк өөрөө төрийн өмчит байгууллага. Тэгсэн хирнээ миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 265-р зүйл “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэснээр давхар зүйлчлэн шалгаж байгаа. Мөнхбат нь Төрийн Албаны Тухай Хуулийн 5.1.4 дэх хэсэгт заагдсан төрийн албан хаагч тул энэ зүйл ангийн субъект биш гэх мэтчилэн олон зүйл дээр хууль зөрчигдсөн байх тул гэм буруугүй болох нь удахгүй тогтоогдож, хэд хоногоос суллагдах байх. Эрүүгийн Хуулийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтын хүрээнд “..субъект нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй..” гэж үзэн үүсгэсэн хоёр зүйл анги хэрэгсэхгүй болох нь цаг хугацааны л асуудал юм. Тэгээд ч энэхүү шалгаад байгаа зээлийн гэрээний дуусах хугацаа болоогүй, үүргийн гүйцэтгэл хангагдаад  явж байгаа, нэг ч төгрөгний алдагдалгүй, зээлдэгч этгээд хохирогчоор гомдол гаргаагүй байгаа зэрэг нөхцөл тогтоогдож байх тул Хөгжлийн банкийг тойрсон маргаан удахгүй дуусаж, эргэлзээтэй, ойлгомжгүй байдал арилна. Одоогоор энэнээс илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Н.Мөнхбатын өмгөөлөгчийн яриад байгаагаар бол үйлчлүүлэгч нь огт буруугүй юм байх. Н.Мөнхбатыг Япон улсын хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иений “Самурай” бонд гаргахдаа хөрөнгө оруулалт буюу зуучлалын үйл ажиллагааны чиглэлээр Япон улсын “Мизухо”, “Мицүбиши”, “Сумитомо” банкуудтай харилцан ажиллахаар хэлэлцээр хийж байсныг цуцалж, “Дайва Секюритиз”, “Номура Секюритиз” банкуудаар зуучлалын үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.Японы олон улсын хамтын ажиллагааны банк /ЯОУХАБ/-нд баталгааны шимтгэлд 5.7 тэрбум иен сутгуулан 24.25 тэрбум иенийг 2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн банкны Монгол дахь 3330536 тоот иенийн харилцах дансаар Япон улсын Мизухо банкнаас хүлээн авч, Хөгжлийн банкинд 5.7 тэрбум иений буюу онц их хэмжээний хохирол учруулсан. Худалдаа хөгжлийн банкинд хугацаатай хадгалуулсан Хөгжлийн банкны 20 тэрбум төгрөгийн хадгаламжийн хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр дууссан байхад буцаан татаагүй. Мөн өдөр Хаан банканд хугацаатай хадгалуулсан 10.420 тэрбум төгрөгийн хугацаа дуусаагүй байхад буцаан татах зэрэг удаа дараагийн үйлдлээр Хөгжлийн банкны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж, тус банкны хөрөнгийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл гарах болсон.

 

Үргэлжлэлийг эндээс