Өчигдөр Авлигатай Тэмцэх Газар өчигдөр нилээн ачаалалттай ажиллаж, дуулиантай баривчилгаа хийв. Тодруулбал УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга  Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарыг дуудан, мэдүүлэг авч байгаад  ШШГЕГ-ын харъяа хорих 461-р ангид саатуулсан юм.
Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.
Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нар  “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэдэг нь нотлогдвол тэдний тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.
 
Мөн өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг баривчлах гэж байсан тухай зарим эх сурвалж өгүүлж байна. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас  өчигдөр Н.Алтанхуягийн эзэмшлийн "Хаан жимс", "MAX export", чацарганы шинэ үйлдвэр “Хуба Хаяа”компаниудад нь хуулийнхан нэгжлэг хийсэн бөгөөд өөрийн биеэр байцаалт өгөхийг шаардсан ч тэрээр очоогүй гэнэ. Өмгөөлөгч гэх Ц.Баасандоржийнх нь хэлж буйгаар Н.Алтанхуяг маргааш АТГ-т очиж, мэдүүлэг өгөх бололтой. Хэрэв маргааш Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн биеэр очиж, мэдүүлэг өгөхгүй бол АТГ албадан баривчлах хуулийн заалттай юм. Ер нь түүнийг баривчлах нь цаг хугацааны  л асуудал болсон тухай улс төрийн хүрээнийхэн ярьж буй билээ.  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг албан тушаалаа урвуулан ашигласан, хууль бусаар хөрөнгөжсөн, садан төрөлдөө хууль бусаар тендер олгуулсан эрүүгийн хэрэгт  яллагдагчаар татаад буй юм.
 
П.Энхмандах
sonin.mn