Казахстаны Алматы хотноо болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 64 кг-ын жинд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эх орноо төлөөлөн оролцож Хүрэл медалийн эзэн болсныг хүн болгон мэдэж байгаа. 

Тухайн үед Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ОУХМ З.Энхзоригтой  спаринг буюу сорилгод оролцсон юм. 

Монголын боксын холбооноос У.Мөнх-Эрдэнийг тус тэмцээнд анхнаасаа явуулах хүсэлгүй байсан гэсэн яриа гарч байсан.

Тэрбээр сорилгод ялж тэмцээнд явж чадсан ч хүнд хэцүү байсан тухайгаа саяхан өгсөн ярилцлагандаа дурьджээ.

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ “Сая дэлхийн аваргад намайг яаж нервтэж явсныг монголчууд мэднэ. Энэ жил намайг олон улсын нэг ч тэмцээнд явуулсангүй. Азийн аваргыг эс тооцвол. Манай багийнхан олон улсын хамтарсан бэлтгэлүүдэд олон удаа явсан. Кубад гэхэд хоёр гурван ч удаа. Гэхдээ намайг явуулаагүй. Кубын тамирчин шиг тийм өндөр түвшний тамирчидтай өнгөрсөн хугацаанд би ядаж ганц хоёр удаа хамтарсан бэлтгэлд гарчихсан бол гэж бодогдож байсан. Азийн аваргаар би мөнгөн медаль авсан. Энэ үед миний ард зогссон тамирчид бүгдээрээ саяын дэлхийн аваргаар медалийн төлөө гарч ирж байна. Сугалааг эрэмбэлж сугална гэсэн. Мэдээж би дээгүүр эрэмбэлэгддэг. Бүх зүйл ийм тодорхой байхад яагаад энэ хүүхэд өөдөөс юм ярьдаг гэх мэт шалтгаанаар буланд шахаж байдаг юм. Үүний оронд багш нар маань тооцоогоо зөв хийгээд намайг дэмжээд, бэлтгэл сургуулилтыг минь тайван хангуулаад, бүгдээрээ боксын дэлхийн аваргынхаа тоог нэмье гээд багаараа зүтгэсэн бол миний тоглолт илүү гарах байсан. Намайг дэмждэггүй тэр хүмүүс надтай цуг дэлхийн аваргад явсан. Хүрэл медалийн болзол хангаад бууж ирэхэд хоёр багш маань надад баяр хүргэх нь битгий хэл, юу ч дуугараагүй. Хамгийн эмгэнэлтэй нь багийн хүүхдүүд маань багш нараас нуугдаж ирээд баяр хүргэсэн. Зөвхөн Монгол Улсаа бодож тэнд очих ёстой байсан юм. Ухамсар, холын хараа, эр хүний жудаг гээд бүх зүйл дутсан. Үндсэндээ аравхан хоногийн бэлтгэлтэй дэлхийн аваргад очсон тамирчин надаас өөр байгаагүй байх. Би өөрөө зардлаа олоод ганц ч удаа олон улсын хамтарсан бэлтгэл чинь явъя гэж гуйж хүртэл байсан юм шүү. Намайг ийм байдалд үргэлж оруулж байгаагийн цаана нэр алдарт хүрчихсэн, боксын тамирчин л байдаг. Гэхдээ би тэр хоёрт муу санадаггүй" гэж ярьжээ.

Мөн тэрбээр "аравхан хоногийн бэлтгэлтэй дэлхийн аваргад очсон тамирчин надаас өөр байгаагүй байх. Саяын дэлхийн аваргад оролцсон 100 гаруй орны тамирчид дунд шүү. Гэхдээ би гоншгонохгүй ээ" хэмээн онцолсон байна.

Д.Ана