Үзэгчдийг төөрөгдөлд оруулсан “Миний нууц” задарлаа
2017/03/03
Амьдралын түмэн янзын өнгө гэрэл, даваа нугачааг уран бүтээлээрээ дамжуулан үзэгч фэнүүддээ мэдрүүлж яваа “Хувьсал” продакшиныхан өчигдөр “Миний нууц” киногоо дэлгэцэнд гаргалаа. Урлагийн алдартнууд, загварын ертөнцийн шилдгүүд чуулсан энэ үдэш нээлтийн арга хэмжээг жүжигчин Э.Ууганбаяр хөтөлсөн бөгөөд “Мотив” хамтлагийн дуучин Б.Ганбаатар, “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Н.Амарзаяа, дуучин Б.Баярцэцэг, Э.Агиймаа, П.Баярцэнгэл нар ая дуугаа өргөсөн юм. Энэ үеэр тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан Д.Галбаяр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Дэлгэцийн тав дахь уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо уулзаж буй “Хувьсал”-ын бүсгүйчүүд энэ өдөр харц булаам сайхан харагдаж байсныг нуух юун. Жил бүрийн өдийд шинэхэн бэлгээ задалдаг тэдний хувьд, өчигдөр томоохон нууцаа фэнүүдтэйгээ хуваалцаад авна лээ. Тиймдээ ч, үзэгч олны дунд битүүхэн хүлээлт үүсгээд байсан “Миний нууц” их л дуулиантайхан задарсан нь энэ. Дөчин насны босго хэдийнэ давсан ч гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өнөөг хүртэл алмайруулдаг “Хувьсал”-ын тэргүүн хатагтай, МУГЖ У.Уранчимэг ийнхүү “Миний нууц”-ыг бүрэн эзэгнэжээ. Магадгүй, тус продакшины жүжигчин, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар зөвхөн түүнд л зориулан зохиолыг нь бичсэн болохоор ч тэр үү. Хэнээс ч дутахааргүй баян тансаг, элбэг дэлбэг амьдралтай хэрнээ хэний ч мэдэхгүй тэр нэгэн ганцаардмал ертөнцийн нууцыг У.Уранчимэг гавьяат задаллаа.
Өмнө нь уран бүтээлүүд дээрээ өөрсдөө найруулагчаар нь ажилладаг байсан “Хувьсал”-ынхан энэ жил ёстой л хувьсал хийж “Go” студийн захирал, авьяаслаг найруулагч Д.Галбаярыг урьсан нь нүдээ олсон сонголт болж. Театрын тайзнаас холдоод удалгүй дэлгэцийн уран бүтээлд шамдсан СТА, жүжигчин Т.Хулан ч бас “Миний нууц”-ын нэгэн шигтгээ болсон нь мэдээж. Үзэгчдээ уярал, ухаарлын нулимстай үдсэн “Хувьсал”-ын уран бүтээлчид амьдралд тэмцэх биш тэвчих ёстой үе байдаг гэдгийг дахин сануулаад авсан шүү. Аанай л өнөөх амрагийн явдлыг сөхөв үү гэтэл арай биш ээ. Сэтгэл сэмэртэл дэнслүүлсэн гайхмаар олон үйл явдал, чадварлаг жүжигчдийн тоглолтыг үзээд энэ бодлоосоо бараг ичих ч шиг. Үзэгчдээ төөрөгдөлд оруулсан “Хувьсал”-ын шинэхэн бэлэг буюу “Миний нууц”-ын нэгээхэн хэсэг нэг иймэрхүү. Мэдээж, энэ бүхнээс гадна олон асуултынхаа хариуг уншигчид маань “Миний нууц”-аас авах биз ээ.
Хүн гэгч чухам бусдын өмнө яг харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг л гагцхүү энд өгүүлэх мэт. Тэр тусмаа хүн бүрт өөр өөрийн гэсэн нууц бий. Харин тэр бүх нууцыг хүн ямар их сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрээр даван туулдаг бол... Инээж баяссан хэн нэгний цаана ямар их нулимс, уй гашуу нуугдаж байдгийг, уурлаж бухимдсан дүр төрхийн ард ямар их хайр, аз жаргал агуулагдаж байдгийг, үзэн ядаж өширхсөн бүрийн цаана ямар сайхан сэтгэл, уужуу ухаан оршиж байдгийг гагцхүү эндээс л мэдэрмээр... Тийм ээ, энэ мэт хүмүүний амьдралын утга учир, ээдрээт нарийн нууцыг дэлгэсэн “Хувьсал”-ын шинэ уран бүтээл “Миний нууц” үнэхээр амттай байлаа.
Зочин · 2017/03/04
yravgar halzan tolgoi veeee