МАН-ыг "баллаж" буй Сундуйн Батболдод намынх нь гишүүд ч шүүмжлэлтэй хандах болжээ
2017/03/04
УИХ, НИТХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулаад долоон сар гаруй хугацаа өнгөрөөд байна.
Хэдхэн хоногийн өмнө Олон Улсын Валютын Сангийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт ( EFF) хамрагдах болсоныг эс тооцвол улс орны эдийн засагт ач холбогдолтой ямар ч шийдвэр өдийг хүртэл бараг гараагүй л байна.
Харин ч мэргэжлийн Засгийн газар байгуулна гэх УИХ-ын сонгуулийн амлалтаасаа ухарч, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Даргаар яруу найрагч, Сангийн сайдаар авто механикч, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайдаар биеийн тамирын багш мэргэжилтэй хүнийг тус тус томилсон билээ. УИХ-д шинээр сонгогдсон гишүүд, шинээр томилогдсон сайд, албан тушаалтнууд ч бараг байнга шахуу л ёс зүйн алдаа гаргах болсон. Тэр дундаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Сундуйн Батболд гэх эрхэм нэг жил ч хүрэхгүй хугацаанд хэд хэдэн улс төрийн мэдрэмжгүй, тун хариуцлаггүй алдаа гаргаж, иргэдийн дунд МАН-ын нэр хүндийг хамгийн их унагаж буй албан тушаалтан болоод байна.
Өнгөрсөн өвөл нийслэл хотод орсон их хэмжээний цас түүнийг менежерийн ур чадвар тааруу нэгэн болохыг Улаанбаатарчуудад тун тодорхой харуулсан билээ.
Нийслэлийн авто зам дахь цасыг цэвэрлэх ажлыг тун муу зохион байгуулсан төдийгүй түүнээс болж Улаанбаатары маш олон иргэн эд материал болоод эрүүл мэндээрээ хохирсон юм.
Гэтэл бараг сарын өмнөөс л зарлагдаж байсан цаг агаарын хүнд нөхцөл байдалд тааруулж бэлтгэл огт хийгээгүй хотын удирдлага цас орсон сүүлийн өдрүүдэд л замын цас хайлуулах бодис худалдан авах төсөв, санхүүг баталж байх жишээтэй. Мөн түүний баг нийгэм, олон нийтийн санаа бодлын талаар огт төсөөлөлгүй, мэргэжлийн ур чадваргүй хүмүүсээс бүрдсэний бас нэг жишээ нь "Аз жаргалтай хот" гэгч төсөл. Агаарын бохирдол хамгийн ихтэй байдаг сард "Аз жаргалтай хот" нэртэй төслийг санаачилж, мөн ийм нэртэй үдшийн цэнгүүнд Нийслэл хотын удирдлагууд болох Су.Батболд, Ц.Сандуй нар оролцож баярласан нь маш олон Улаанбаатарчуудын зэвүүцлийг төрүүлсэн үйлдэл болсон юм.
Энэ их зардал өндөртэй шоу цэнгүүний үр дүнд нь "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах бусдад зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон. Тэгвэл өчигдөр Сундуйн Батболдын гаргасан бас нэг шийдвэр Баянзүрх дүүрэгт үймээн дэгдээж, жирийн иргэд рүү цагдаа нар нулимс асгаруулагч ашиглаж, бороохойдсон үр дүнтэй үлдэж байна.
Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос тогтоол гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасаар байтал сонгуулийг хүлээлгүй өөрийн намын Э.Бат-Амгалан гэгчийг засаг даргаар томилсон нь ямар ач холбогдолтой нь үнэндээ тодорхойгүй. Түүний хуулийн ахлах зөвлөх нь хүртэл Су.Батболдын шийдвэр ач холбогдолгүйг баталж, "Дахин сонгуулийн үр дүнд 41 төлөөлөгч бүрдсэний дараа аль нам нь олонх болж, ямар хүнийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь Нийслэлийн Засаг дарга томилох болно." хэмээсэн байх юм.
Ийнхүү улс төрийн мэдрэмжгүй шийдвэр гаргаж, МАН-ын нэр хүндийг хамгийн их унагаж буй өндөр албан тушаалтан болох Сундуйн Батболдын нэр хүнд жирийн иргэдийн төдийгүй МАН-ын гишүүдийн дунд ч маш хурдан унаж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд амжилттай оролцоход хамгийн том гай, ланчиг болж магадгүй тухай намынхан нь ярилцах болжээ. Сундуйн Батболдоор хотоо удирдуулж байгаа цагт МАН-ыг Нийслэлчүүд дэмжих магадлал улам бүр багасна гэж ил цагаан ярих тус намын гишүүд хүртэл олон болж байна.
М.Отгонбаяр
sonin.mn
Mjl · 2017/03/05
Goomoo l yum hiij dee...
мгл · 2017/03/04
СОНГОГЧДЫН ТАЙВАН эсэргүүцлийг МАН ҮЙМЭЭН БОЛГОСОН.ЦАГДАА АВЧИРЧ БҮР ДААМЖРУУЛСА ЧУХАМДАА ГЭМТ ХЭРЭГ БОЛГОЖ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛАХ ДАРХАН МЭХЭЭ ХЭРЭГЛЭСЭН.
зочин · 2017/03/04
Их олон асуудал дээр оновчгуй мэдрэмгуйгээ харуулсаар байна даа.
1111 · 2017/03/04
Nani has daalgavraar hook Bhagwan ahold no shy de namtai ni yarih hereg