Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө л гуравхан сарын хугацаа үлдээд байна. Хаяанд ирчихлээ. Удахгүй нэр дэвшигчдийн нэр тодрох учиртай. Эхний ээлжинд хэн нэр дэвшч болох тухай элдэв таамаг гарч байна.

Мөн хэн, хэн, ямар тохироо хийж байгаа талаар ч “бор шувуу” үүгээр түүгээр нисэж эхлэв. Тэр дундаа нам доторх дотоод өрсөлдөөн нэлээд ширүүхэн өрнөх бололтой. МАН дотор огт өрсөлдөөн өрнөхгүй юм шиг яриад байсан. Гэтэл харин ч АН-аас илүү өрсөлдөөн болох юм биш  үү. Тийм яриа ч гарч байна. Харин АН дотор маш олон хүний нэр яригдаж байгаа нь нэр дэвшигчдийн рейтингийг сулруулах магадлалтай. Харин УИХ-д суудалтай гурав дахь нам болох МАХН-аас хэн өрсөлдөх нь одоогоор тодорхой биш байна. Намын дарга нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа биз ээ. Бор халзан хонь гаргаж ирэх юм биш биз, үгүй юу.

МАН-аас нэр дэвших магадлал хамгийн өндөртэй нь М.Энхболд

МАН 2016 оны парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авсан. Сонгуулийн дараа ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой. Гэвч МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд бололгүй УИХ-ын даргын суудалд суусан. Харин Ерөнхий сайдын албыг Ж.Эрдэнэбатад атгуулаад, өөрөө үндсэндээ хариуцлагаас зугтсан. Энэ нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байна гэх гаргалгааг батлах эхний баталгаа байлаа.

Цаашлаад мань хүн он гарснаас хойш хөдөө, орон нутгаар нэлээд явж, өөрийнхөө сурталчилгааг чимээгүйхэн хийж эхэлсэн. Ерөөсөө түүнийг Ерөнхийлөгч болгох нэлээд том тохироо дээгүүрээ явагдаж байгаа. Тийм болохоор МАН-аас нэр дэвшигч тодорхой гэх яриа ч бий. Гэхдээ мань хүн ганцаараа, ногоон гэрлээр бас гарчихгүй бололтой. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дотоод өрсөлдөөнд Б.Бат-Эрдэнэ аваргатай үзэж, багахан саналаар ялагдаж байсан Ө.Энхтүвшин гишүүнийг мартаж болохгүй.

Дээрээс нь Ц.Нямдорж гишүүн бас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал өндөр. Хэдийгээр мань эр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй хэмээн хэлсэн ч тэр бол зүгээр шоу биз. Эрхэм гишүүн сонгуулиас хойш “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг барьж авч, ярьсаар нэр хүндээ багагүй өсгөөд байгаа. Ард түмэн Ц.Нямдорж гишүүний буянаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь төрд ирлээ гэж бодож байгаа нь гарцаагүй. Тиймээс намын даргаасаа илүү нэр хүндээ өсгөсөн гэхэд болно. Тийм болохоор нам дотор хүчтэй өрсөлдөгч болохыг үгүй гэх газаргүй. МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ хуралдаад л шийдчихнэ.

Сунгаа энэ тэр гэхгүй. Бага хурал дээр нэр дэвших хүсэлтэй хүмүүсийнхээ нэрийг яриад, санал хураагаад л гүйцээ. Тийм болохоор намын дарга М.Энхболд нэр дэвших магадлал илүү өндөр нь мэдээж. Зарим судлаачид түүнийг Ерөнхийлөгч болох замаа зассан. Тухайлбал, Морин спорт уяачдын холбооны нөхдүүдээр санал өгүүлэхэд л 500 мянга бэлэн байна гэж үздэг.  Мөн мартаж болохгүй нэг хүн бол У.Хүрэлсүх. Дайчин, зоригтой, муу хэл амнаас ангид ард түмэн ч түүнд дургүй биш. Тэрбээр хөдөө гадаа байнга явж байгааг аль нэг суудлын төлөө үзэхээр замаа засч байгаа гэдэг. Яагаад үгүй гэж.

 

Үргэлжлэлийг эндээс