Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын хөгжмийн урлагт нийтийн дуу хүч түрж,  олон хит дуу, олон авьяастай дуучдыг нээж гаргасан. Сайн дуу, сайн дуучин хоёрын ард талд сайн мэргэжилтэн байдгийг хэн бүхэн мэднэ. Дуу дуучин хоёрын өнгө зохицлыг олж тэрхүү бүтээл нь нийтэд хүрнэ гэдэг ганц дуучны хөдөлмөр ер биш юм. Тэгвэл чухам өнөөдөр энэ асуултанд хариулахаар СУИС дээр 11 цагаас орчин үеийн дууны урлагт яруу найраг ямар үүрэгтэй юм бэ, хөгжим аялгуу ямар үүрэгтэй болсон бэ, хөгжмийн найруулга, техникийн хөгжил хэрхэн нөлөөлж байна, цаашид яах вэ гэсэн тулгамдаад байгаа асуудлуудад хариу өгөхөөр “Өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг “Анир” дуу бичлэгийн студи 10 жилийнхээ ойн хүрээнд зохион байгуулж  байгаа юм байна. Орчин үеийн хөгжмийн урлагт техник технологийн дэвшил хэрхэн нөлөөлж байгаа талаар “Анир” студийн захирал Б.Алтанхуяг, Орчин үеийн зохиолын дууны яруу найргийн уламжлал шинэчлэлийн талаар Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, Орчин үеийн Миди зохиомжийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар МУУГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна.

Дашрамд дуулгахад “Анир” студи 10 жилийнхээ ойн ажлууд үргэлжилж байгаа бөгөөд саяхан 3-аас 5 настай хүүхдийн дууны шүлгийн уралдааныг орон даяар зарласанд 500 гаруй бүтээл иржээ. Уралдааны шагналыг энэ сарын 24-нд UB palace-ийн концертын их танхимд болох Хүндэтгэлийн гала тоглолт нь дээрээ гардуулах юм байна.

А.Баярмаа