Хүнсний манлай, үндэсний үйлдвэрдэгчдийн нэг нь ‘MAX IMPEX’.  1946 онд нийслэл хотыг мах махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулагдаж 67 дах жилдээ ажиллаж байгаа “Сайн махаар сайн хиам л хийнэ” хэмээн  гэсэн уриатай энэ хамт олон сүүлийн үед бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарал хандуулалгүй алдаа эндэгдэл гаргасныг бид өмнө нь хүргэж байсан.  Харин үндэсний манлай үйлдэврэгч өөрсдийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам хохироосон  хэрэглэгчээ шүүхэд дуудсан байх юм.

Тодруулбал  өнгөрөгч 9-р сарын 30-ны өдөр хуучнаар “ Далай ээж”  хүнсний захаас ‘MAX IMPEX’-ийн  “Нийслэл” хиамыг худалдан авахад дотроос нь ногоон өнгөтэй мах гэхэд мах биш,  өөх гэхэд өөх биш, булчихай гэхэд булчирхай биш  сонин зүйл гарч ирсэн.  Үүнийг нь хэрэглэгч өөрийнхөө цахим хуудас болох Фэйсбүүкт байрлуулсныг  мэдээллийн зарим сайт  эх сурвалж болгон мэдээ бэлтгэн олон нийтэд хүргэсэн байна.   

Тэгтэл энэ хэрэгт уучлал гуйх ёстой  ‘MAX IMPEX’-ийнхэн хэрэглэгчээ Баянгол дүүргийн шүүхэд дууджээ.  Өөрөөр хэлбэл  хэрэглэгчийн цахим хуудаснаа тавигдсан дээрх  зургаас болж  ‘MAX IMPEX’-ийн  борлуулалт буурч улмаар  15  сая төгрөгийн алдагдалд оржээ.  Тиймээс хэрэглэгчийг үүний хариуцлагыг хүлээх ёстой хэмээн  шүүхэд хандсан байна.  

 Үүнд нь хэрэглэгч ихэд эгдүүцэж байгаа ажээ.  Хэрэглэгчийн тайлбарлаж байгаагаар: Миний цахим хуудсандаа байршуулсан зургийг  найзууд маань шэйр хийсэн.  Тэрийг нь зарим сайт мэдээ болгож тавьсан юм билээ.  Мэдээ байршуулахдаа надтай холбогдоогүй.  Тэгтэл  тэрхүү мэдээний хариуцлагыг намайг хүлээж, уучлал гуйн, залруулга хийх ёстой гэсэн нэхэмжлэлийг  Баянгол дүүргийн шүүхэд өгсөн байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.  Мах Импексээс   энэ хэрэгтэй холбоотойгоор  огт уучлалт гуйгаагүй.” хэмээсэн юм.  

Бид мэдээллийг  тэнцвэртэй хүргэх зорилгоор ‘MAX IMPEX’-ээс  тайлбар авахаар  тус компанийн  11632557 дугаарын утас руу залгахад  хэн ч авсангүй.  Улмаар тус компанийн  менежер н.Төгөлдөртэй холбогдоход “Хуулийн зөвлөхөөс тайлбар аваарай.  н.Батболд гэж хүн байгаа” хэмээн дугаарыг нь өгсөн юм. Харинн.Батболд “Уулзаж байгаад тодруулгаа ав” гэж их л зандрангуй хэлж, хаана яаж уулзахаа ч хэлэлгүй утсаа салгав.  Түүнээс хаана, хэзээ, хэрхэн уулзахаа тодруулах гэсэн боловч утсаа авалгүй  “зугтав”. Түүнээс цаг авахаар мессеж илгээсэн ч хариу өгсөнгүй. Хэсэг хугацааны дараа дахин залгасан ч утсаа тасалсаар байсан юм. Өөрөөр хэлбэл  ‘MAX IMPEX’-ийн зүгээс энэхүү үйлдэлдээ  тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Өнөөгийн нийгэмд  үйлдвэрлэгч өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас болж хэрэглэгчийг хохироосон бол уучлалт хүсдэг. Ийм жишиг, дүрэм журам ч байгаа.  Тэгтэл үүнийг хүнсний манлай үйлдвэрлэгч сөрдөг нь ямар учиртай юм болдоо...

А.Баярмаа