Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэгэн цагт манай улсын хамгийн нөлөө бүхий улс төрч, эрх мэдэлтэн байлаа.
 
Тэрээр л анх Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва нарыг намдаа элсүүлж, М.Энхболд, С.Баяр нарыг намын дарга, Ерөнхий сайд болгож, хожим авлигын загалмайлсан эцэг гэгдэх болсон Т.Бадамжунайг хүртэл хамаатан минь байгаа юм гэж төрийн хариуцлагатай албанд томилж байв.
 
Тэр бүү хэл УИХ-ын 2004 оны сонгуульд  өөрийн эвслээ удирдаж, ялуулсан М.Энхсайханыг бус Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгох ажлыг ч зохион байгуулж байсан юм. Мэдээж энэ бол нэгэнт өнгөрсөн түүх. Харамсалтай нь 2011 оны 1 сарын 27-нд  МАХН-ын Онц их хурлаар эхэлсэн түүний улс төрийн эргэн ирэлт ч өнөөдөр бас л түүх болон улирчээ.
 
Шинээр байгуулагдсан МАХН, түүний эвсэлд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва,Ч.Улаан,С.Жавхлан, сайд асан У.Барсболд, бизнесмен П.Хангал, Д.Чинзориг, "Орифлейм"-ын Ж.Оюунгэрэл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Н.Батцэрэг, М.Сономпил, Ц.Шинэбаяр,  сайд асан Г.Шийлэгдамба, доктор С.Молор-Эрдэнэ гэх мэтчилэн  олон хүн нэгдэж байсан нь өдгөө мөн л Н.Энхбаяраас нүүр буруулжээ. Энэ бүхэн нь түүний хэтэрхий дураараа, хамтрагчаа үл хүндэлдэг, албан тушаалын төлөө хэнтэй ч хамтрахаас буцдаггүй, тууштай бус чанартай холбоотой гэх яриа ч бий.
 
Тэгвэл өдгөө УИХ-д ганцхан суудалтай үлдсэн МАХН-ын удирдах аппаратад буюу товчхондоо бол Н.Энхбаярын дэргэд хэн хэн үлдсэнийг сонирхоё. Хуучин МАН-аас салан тусгаарлагчдаас зөвхөн УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, сайд асан Н.Удвал, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж нар л үлдэж, сүр дуулиантай МАХН-д элсэж, тус намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга болж байсан Ж.Сүхбаатар хүртэл намын байраараа үзэгдэхээ байжээ.
 
Мөн бизнесмэнүүдээс гэхэд л Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаар "Ж.Энхжаргалд, Насны замд дахин итгэх итгэл үнэндээ алга. Яамныхан минь битгий дахиж лоббидуулаад энэ компанид ажил өгнө гээд ороод ирээрэй. Одоо яриад байх зүйл байхгүй шүү" гэж хэлүүлж байсан "Насны зам" компаний захирал Ж.Энхжаргал гэх эр л тус намд үлдсэн байна. МАХН-ын Гүйцэтгэх Товчоонд өдгөө дараах хүмүүс багтдаг байна. Үүнд:  
 
Ж.Эрдэнэжамъян-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Ц.Оюунбаатар-МАХН-ын дэд дарга
Ж.Энхжаргал-Насны зам ХК-ийн Ерөнхий захирал
Б.Ганцэцэг-Сонгох эрх ТББ-ын тэргүүн
Б.Жагар-Хатан туулаа хамгаалъя үндэсний хөдөлгөөний тэргүүн
О.Баасанхүү-УИХ-ын гишүүн
Ц.Шаравдорж-УИХ-ын гишүүн асан
Д.Эрдэнэцогт-НҮБ-ын шинжээч
Б.Хэрлэн-МАХН-ын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
Н.Удвал-Эрүүл мэндийн сайд асан
З.Баянсэлэнгэ-УИХ-ын гишүүн асан
Б.Тулга-МАХН-ын нарийн бичгийн дарга
Х.Буяннэмэх-Мон фарм трейд компанийн захирал
Ж.Өлзийсайхан-философич, доктор, профессор
Д.Мөнхтөр-ШӨХТГ-ын дарга асан
Д.Бямбасүрэн-МАХН-ын нарийн бичгийн дарга
Л.Мөнхсайхан-Монголын өмгөөлөгчдийн холбооны зөвлөлийн гишүүн
Б.Доёд-хуульч, эдийн засагч
Б.Наранцэцэг-Чингэлтэй дүүргийн МАХН-ын түмтийн дарга
С.Ононбаяр-НИТХ-ын төлөөлөгч
 
 
Ч.Явуухүү