Zaluu.com сайт яагаад хаагдсан бэ? /Учрыг тайлбарлаж, уучлал хүссэн ил захидал/
2013/03/07
Монголын сайтын зах зээлд анхдагчдын нэг болон гарч ирсэн zaluu.com сайт 2012 оны 10-р сарын 18-нд хаагдаж, өчигдөр буюу 2013 оны 3-р сарын 6-нд албан ёсоор дахин нээгдлээ. Бүтэн дөрвөн сарын турш үйл ажиллагаа явуулаагүй учраас тус сайтыг яагаад хаагдсан, ямар шалтгаанаар нээгдэхгүй байсныг өнгөрсөн хугацаанд олон арван мянган хэрэглэгч биднээс онлайнаар болон утсаар лавлаж байсан тул редакцийн зүгээс албан ёсны тайлбар хийх нь зүйтэй хэмээн үзлээ.
“Мэдээллийн портал сайтуудын ассоциаци” ТББ-ын гомдлоор 2012 оны 10-р сард ШӨХТГ, Оюуны өмчийн газраас нэр бүхий 20-иод сайтыг шалгасан. Zaluu.com нь тухайн шалгалтын явцад хамтран ажиллаж буй сайтуудтай албан ёсоор гэрээ байгуулаагүй, music.zaluu.com дэд сайт нь оюуны өмчтэй холбоотой хууль, эрхзүйн актуудыг зөрчсөн, зарим сонины мэдээ, мэдээллийг зөвшөөрөлгүй сайт дээрээ шууд хуулбарлан нийтэлсэн зэрэг зөрчил дутагдлууд байна гэж үзэн ШӨХТГ-аас түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан.
Zaluu.com сайт шалгалтын дагуу ирүүлсэн шаардлагуудыг хүлээн авч, 100% биелүүлснээр 2012 оны 11-р сарын 12-нд ШӨХТГ-аас нээхийг зөвшөөрсөн юм. Түр хаагдсан сар орчмын хугацаанд music.zaluu.com сайтыг бүрэн хаах, сайтын сервер байгаа бүх мэдээллийг устгах, сайтуудтай гэрээ байгуулж хамтран ажиллах зэрэг арга хэмжээнүүдийг Zaluu.com сайтын удирдлагууд цаг алдалгүй хэрэгжүүлсэн байдаг.
Гэвч “Мэдээллийн портал сайтуудын ассоциаци” ТББ нь ШӨХТГ-т гаргасан гомдолтойгоо ижил агуулга бүхий гомдлыг 2012 оны 11-р сарын 15-нд дахин шүүхэд өгч zaluu.com сайтын үйл ажиллагааг явуулахгүй байх хүсэлт гаргаснаар 2012 оны 11-р сарын 26-нд дахин үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.
ШӨХТГ-ын албан ёсны шийдвэрийн дагуу Zaluu.com сайт нь 2012 оны 11-р сарын 12-нд нээгдэх ёстой байсан ч Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодорхойгүй шалтгаанаар нээхгүй хойшлуулсаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах захирамжтай “золгуулсан” юм. 14 хоногийн хугацаанд тус сайтыг нээх эрх, үүргээ ХХЗХ хэрэгжүүлсэн бол zaluu.com сайт нь хууль ёсыг сахин биелүүлсэн гэдгээ нотлох боломж бүрдэх байсан билээ.
Ингээд 2013 оны 1-р сарын 31-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэргийг хянан хэлэлцээд “Мэдээллийн портал сайтуудын ассоциаци” ТББ-ын нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус байгууллага нь шүүхийн шийдвэрт дахин гомдол гаргасан ч шүүхээс нэхэмжлэлийг нь хүлээж авалгүй буцаасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Zaluu.com сайт нь 2013 оны 2-р сарын 10-нд хоёр дахь удаагаа нээгдэх хууль ёсны нөхцөл бүрдсэн ч ХХЗХ-ноос дахин 20 хоногийн турш хүлээлгэсний эцэст 2013 оны 3-р сарын 4-нд нээх зөвшөөрөл өгсөн юм. Ийнхүү бид хуулийн дагуу нээгдэж, өчигдрөөс эхлэн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
ШӨХТГ-аас шалгалт орохоос өмнө Zaluu.com сайтад ажиллаж байсан зарим албан тушаалтны буруутай үйлдэл, шийдвэрийн улмаас сэтгүүлч анд нөхдийнхөө мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэх, сайтуудын дунд нийтлэг оршиж байсан оюуны өмчийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах, албан болон хувийн харилцаанд доголдол гаргах зүйл байсныг бид гүнээ ухамсарлаж буй бөгөөд энэ бүхний өмнөөс та нараасаа албан ёсоор уучлалт гуйж байна.
Цаашид zaluu.com сайтын хамт олон бид хуулиа дээдэлж, бизнесийн болон сэтгүүлзүйн өндөр ёс зүйг эрхэмлэн ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар Zaluu.com сайт нь нэр бүхий 82 сайт, 31 бизнесийн байгууллагатай албан ёсоор Хамтран ажиллах гэрээ байгуулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Редакцийн бүрэлдэхүүнээ 18-д хүргэж, сэтгүүл зүйн салбарт 5-15 жил ажилласан 12 орон тооны сэтгүүлчийн багтай болж өргөжсөнөө дуулгахад таатай байна.
Өөрсдийн туулж өнгөрүүлсэн 5 жилийн хугацаанд олсон ололт амжилтаас илүүтэй алдаа дутагдлаа zaluu.com сайт ухамсарлаж байгаагаа та бүхэндээ дахин уламжилж, шинэ залуу сайтууд болон сэтгүүлчдэдээ хуулийг сахин биелүүлэх, ёс зүйг эрхэмлэх, бусдадаа хүндэтгэлтэй хандах тал дээр бидний гашуун туршлагаас суралцаж ажиллахыг уриалж байна.
Монгол улсад сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн билэг оюун улам гэрэлтэн цацарч, сэтгүүлч анд нөхдийн маань хөдөлмөр, хөлс шингэж бүтсэн мэдээ мэдээлэл бүхэн мянга мянган уншигчдыг байлдан дагуулах болтугай гэж ерөөе.
Мөн сайт бүрийн редакци хүчирхэгжин бэхжиж, улс төрийн аливаа нам эвслээс хараат бус нийтлэлийн бодлогыг явуулж, бие биедээ хүндэтгэлтэйгээр хамтран ажиллахын ерөөлийг дэвшүүлье.
Сайтуудын асуудлыг харьяалан шийддэг Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын холбогдох албан тушаалтнуудад хууль бус үйл ажиллагаанд хатуурхаж болох ч хууль ёсны аливаа асуудалд шуурхай хандахыг энэ дашрамд хүсэмжилж байна. Ганцхан сайтыг хаах төдийд, ганцхан телевизийн эфир хаагдах төдийд юун сүртэй юм гэх хандлагыг бид өнгөрсөн хугацаанд олон удаа анзаарч, мэдэрлээ. Ганцхан сайтын ард олон арван мянган хэрэглэгчийн эрх ашиг, олон хүний амь амьжиргаа, олон бизнесийн байгууллагын ажил хэрэг холбоотой байдгийг та бид бэлхнээ мэдэх билээ. Үүнээс ч илүү том асуудал бол нэг сайт, нэг сонин, нэг телевиз хаагдахад Монгол улсын хэвлэлийн эрх чөлөө нэгэн хүчээр дутаж, Монгол улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашиг хөндөгдөж байдгийг санаж явцгаая. 1990 оноос хойш цогцлон бүтэж буй Монголын ардчиллын амин сүнс нь чөлөөт хэвлэл гэдгийг давтан, давтан санацгаая. Сайтуудын хувьд ч, сайтуудын эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын хувьд ч дахин нэг ч сайт хаагдахгүй байхын төлөө хууль, ёс зүйг дээдлэн, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нягт хамтран ажиллахыг уриалж байна. Амийг нь таслахын өмнө ам асууж, засч залруулах жижигхэн зай үлдээж байхыг төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна. Нэг хэргээр хүнийг хоёр удаа шийтгэдэггүй үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг дагаж, бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг хазаарлах биш дэмжиж, нэгэндээ өширхөж биш уучилж ажиллахыг нийт сайтууддаа уриалж байна.
Монголын сайтууд маш олон болох болтугай!
Zaluu.com сайтын редакцийн нийт хамт олноос