Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл" хотхоны 103 дугаар байрны 12 давхраас жүжигчин Б.Баатархүүгийн хүү, "Colors" хамтлагийн хөгжимчин Б.Хүслэн унаж амь насаа алдсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 29-нд гарсан . 

 

Тодруулбал Талийгаач Б.Хүслэн нь УИХ-ын гишүүн асан, МоАХ-ы дарга Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэрийн цонхоор унаж амь насаа алдсан юм. Хэрэг гардаг өдөр "Colors" хамтлагийнхан болон бусад нэр бүхий 11 залуу УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүүгийн 12 өрөө байранд хамтдаа хоносон аж. Энэ үеэр нэр бүхий залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогджээ.

 

Тодруулбал эдгээр нь 22 настай Э.Намсрай , 21 настай Б.Цэрэнням , 28 настай Б.Бат-Оргил , 28 настай Ж.Гантулга, 21 настай Г.Дөлгөөнбаатар , 23 настай Ц.Цэрэндорж ,23 настай Б.Хүлэгт , 23 настай Н.Жамух , 28 настай Ц.Даваажаргал , 25 настай Э.Есүнгэ , 27 настай Б.Намуун нар юм.

 

Талийгаач Б.Хүслэнгийн үхлийн шалтгааныг өндрөөс унахдаа авсан тархины хүнд гэмтэл нь гэж шүүх эмнэлэг дүгнэжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Э.Намсрай, Б.Цэрэнням, Ж.Гантулга, Г.Дөлгөөнбаатар, Ц.Цэрэндорж, Б.Хүлэгт, Н.Жамух, Ц.Даваажаргал, Э.Есүнгэ нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 188.2, 192.3.4, 192.2, 192.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд Б.Хүслэнгийн үхлийн шалтгаан тун удахгүй тодорхой болох биз ээ. 

 

Харин үүнтэй холбоотойгоор хуулийн байгууллага хүүг нь хар тамхи хэрэглэдэг байсныг албан ёсоор тогтоосны дараа УИХ-ын гишүүн асан, Монголын Ардчилсан Холбооны Дарга Халтмаагийн Баттулга ард түмнээсээ уучлалт гуйх уу? гэдэг асуулт урган гарч ирж байна.

 

Х.Баттулга Монгол үндэстэнд бахархал бий болгох асуудлаар олонтаа ярьдаг, олимпийн аварга төрүүлснээс эхлээд түүнд хийсэн олон бодитой бахархам ажил нь бий нь ч үнэн. Харин төрсөн хүүгээ хир хүмүүжүүлж,эцэг хүнийхээ үүргийг ямархуу гүйцэтгэсэн вэ? гэдэг нь ийм тааруухан хариулттай гарвал харамсалтай л юм. Түүний найз, Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан гэхэд л яг үүнтэй төстэй хэрэг тохиолдоход хар тамхи хэрэглэсэн хүүгийнхээ өмнөөс ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж байсан билээ.

 

С.Сарнай

sonin.mn