"Ардын их хурлын төлөө” хөдөлгөөнөөс  өнөөдөр хоёр танхимтай парламент бий болгох тухай зөвлөлдөх уулзалтыг  Монголын Залуучуудын Холбооны байранд зохион байгууллаа.
 
Уг хөдөлгөөнийг Э.Бат-Үүлийн багт ажиллаж байсан, Нийслэлийн Ерөнхий Менежер асан н.Бадрал тэргүүтэй хүмүүс удирддаг аж.Хачирхалтай нь энэ үеэр Ардчилсан хувьсгалыг манлайлсныхаа төлөө Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл Монголд ардчилал байхгүй хэмээсэн юм.
 
Тэрбээр  уг уулзалтанд үг хэлэх үеэрээ: "Монголын нийгмийг ардчилсан нийгэм гэж хараад байгаа. Үнэндээ тийм биш болсон. Монголын нийгэм өнөөдөр олигарх дэглэмтэй, олигархи нийгэм болсон. Эдийн засаг ч  зах зээлийн харилцаагаар хөгжих боломжгүй болсон. Жишээ нь дөрвөн айл хашааны газраа нийлүүлээд 40 айлын орон сууц барих боломжгүй, харин УИХ-ын гишүүн орон сууцны хороолол барьж болно.
 
1992 онд бид Үндсэн хуулийг батлахдаа хэд, хэдэн зүйлийг урьдчилж харж чадаагүй. Жишээ нь сонгогчид саналаа худалддаг болно чинээ тооцоолоогүй. Сонгогдсон хууль тогтоогч нь эрх мэдлээ ашиглаад ёс зүйгүй нийгэм тогтоочихно чинээ бодоогүй.
 
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хоёр парламенттай болох хэрэгтэй байна. Нэг нь нөгөөгөө хянадаг байх.УИХ, Засгийн газрын төвшинд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүсэл эрмэлзэл байгаа бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж байгаа хөдөлгөөнүүдээс төлөөллийг нь багтаах ёстой гэж би бодож байна." гэв. 
 
 
 
Э.Мягмардорж
sonin.mn