Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 сарын 11 өдрийн Б/121 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг албан тушаал бууруулж, 111 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Захирамжид, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,  17.3 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаалыг зөрчсөн  Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн захирал С.Энхтуяаг  Авлигатай тэмцэх газрын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/7034, 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/8470 дугаар албан бичгийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байна. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй нийслэлийн Боловсролын газрын даргад сануулах сахилгын шийтгэл ногдууллаа.
 
Монгол Улсын Их хурлаас 2012 онд баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт,  албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно гэсэн байдаг бол 17.3 дэх хэсэгт, албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна гэж заасан байдаг байна