Өнөөдрийн билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургадугаар хуралдааныг иргэд, олон нийтийн оролцоог ханган нээлттэй зохион байгуулж, Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг "Чингис" хэмээн нэрлэх асуудлыг хэлэлцээд Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар эзэн Чингис хааны мэндэлсэн, Монгол төрийн гал голомт оршсон ариун дагшин газрын төв Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг Чингис хэмээн нэрлэхээр шийдвэрлэлээ. Мөн Хэрлэн сумыг "Өндөрхаан" сум гэж нэрлэхээр иргэдийн гаргасан саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын Захирагч Н.Базарханд нарт даалгасан байна.

Эл өдөр нь арван долоодугаар жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын идэрийн барилдлагат,  шинийн арванзургааны Балжиннямтай өлзий билэгт шар хулгана өдөр бөгөөд шинэхэн нэртэй Чингис хотын ууган иргэн мэндэлж, 2 охин хүүхэдтэй Бэрх хотын иргэн 37 настай Гомбын Батжаргал 4500 гр хүү төрүүллээ. Түүнд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Чингис хотын ууган иргэнд аймаг 2 өрөө шинэ байр бэлэглэхээр болж, Хас, ХААН банк шинэ хотын ууган иргэнд хадгаламж нээж өглөө.

Хуралдаан дээр Өндөрхаан хотыг “Чингис” хэмээн нэрлэх үндэслэлийн тухай аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар илтгэлдээ, “8-11 дүгээр зууны үед Монгол Дарлиган гэдэг ерөнхий нэр зүүсэн Жалайр, Сөнөд, Татар, Мэргидтүмэд, Булгачин, Хэрэмчин, Ойрад, Барга, Хори, Тэлэнгүд, Урианхай, Хургиган зэрэг гол аймгуудыг Язгуурын Монгол, мөн нэрийн дор цуг нүүдэллэн явдаг Язгуурын Монгол, Татаар, Баяуд, Жалайр, Хонгирод, Түрэг- Түнгүүс угсааны монгол жинурианхай зэрэг нэгэн хэсэг аймгуудыгний тэд нь “Хамаг Монгол” хэмээдэг байсан бөгөөд төв нь Сэцэнхан, одоогийн Хэнтий аймгийн газар нутагт төвтэй байсан тухай түүхийн олон эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.

Төр улсаа төвшитгөж, түмэн олноо өргөмжлөгдөж, дэлхийн дайд, ертөнц дахинаа суу алдраа мөнхжүүлж чадсан Их эзэн Чингис хаан улс үндэстнүүдийн хооронд дипломат ёсыг анх бий болгосон, худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон, Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо щинээр хэрэгжүүлсэн, Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй нөлөөлөл үзүүлсэн ер бусын сэтгэгч байж, дэлхийн түүхэнд гайхамшигт хувь нэмэр оруулж, өнөөгийн шинэ дэлхий ертөнцийн үндэс суурийг цогцлоон бий болгож, даяаршлын эхийг тавьж чадсан гэж дэлхий нийт үзээд 2 дахь мянганы шилдэг хүнээр тодруулсан юм.

Онон, Хэрлэнгийн саваар оршин суудаг Монголчууд 1206-1691 он хүртэлх 400 гаруй жилд Хамаг Монголын Ханлиг, Чингис хаан тэргүүтэй Нэгдсэн Монгол Улсын бүрэлдэхүүнд голлох байртайгаар явж, 17 дугаар зууны эцсээс 20 дугаар зууны эхэн хүртэл засаг захиргааны нэр нь “Сэцэнхан аймаг”, “Хэрлэн барс хотын чуулган”, “Сэцэн хан аймгийн чуулган” зэргээр нэрлэгдэж, 26 хошуу, тамгатай 2 хутагтын шавь гэсэн нэгжтэй байжээ.

Сэцэн хан аймгийн нутаг дэвсгэр нь одоогийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ, Дорноговь, Дундговь, Говсүмбэр, Төв аймгийн зарим нутаг хамарсан өргөн уудам газар байсан байна.

Халхын Сэцэнханы 12 дахь үеийн Артсэд хан ширээнд сууж байсан үед буюу тодруулбал 1826 онд Сэцэн ханы өргөөг “Талын буудал” гэдэг газраас нүүлгэж, Өндөрхаан уулаас урагш Хэрлэн голын хөвөөнөө “Цагаан эрэг” гэдэг газар байгуулав” гэсэн мэдээ бий.

Сэцэнханы хүрээ гэж нэрлэгдсэн Өндөрхаан хот 1921-1931 онд буюу ардын Засгийн анхны жилүүдэд Өндөрхаан уулын хошууны төв, 1931-1952 онд Хэнтий аймгийн төв, 1952 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын захиргаа, 1992 онд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Өндөрхаан сум болон байгуулагдаж, 1995 онд УИХ-ын 95 дугаар тогтоол, Засгийн газрын 128 дугаар тогтоолоор Хэрлэн сум Өндөрхааны сангийн аж ахуйтай нэгдэж, Хэрлэн сум, Өндөрхаан хот, 1999 онд УИХ-ын 20 дугаар тогтоолоор Өлзийт сумыг нэгтгэж, аймгийн зэрэглэлтэй хот болж засаг захиргааны анхан шатны 8 баг, үүнээс алсагдмал суурьшилтай Номгон, Ишгэн толгой багууд нь тосгоны зохион байгуулалттай Өлзийт, Тахилгат тосгон гэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.

Өндөрхаан хот өдгөө 3809 га газар нутагтай, үндсэн болон түр оршин суугч 7627 өрх, 23317 хүн амтай нийгэм, эдийн засаг, соёлын томоохон төв суурин газарт “Чингис хааны түүхэн цогцолбор” байгуулагдах ажил эхэлж байгаа нь аялал жуулчлал хөгжих, нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлт, сайн үр дүн гарах эх суурь тавигдаад байна” гэв.

Өндөрхаан хотыг Чингис гэж нэрлэх тухай анхны саналыг 1989 оноос эхлэн албан ёсоор гаргаж байжээ.

1990 оны өвлийн эхэнд тэр үеийн жанжин Б.Пунцагийн талбайд болсон иргэдийн цуглаанаас, мөн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Өндөрхаан хотыг “Чингис”, Хэрлэн сумыг Өндөрхаан сум гэж нэрлэх тухай иргэдээс гарсан саналыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал авч хэлэлцэн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталгаажуулан уг санал хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор өргөн мэдүүлж байжээ.

Энэхүү санал энэ оны 4 дүгээр сараас дахин өрнөж, энэ оны 07 дугаар сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2 шатны санал асуулга явагдсан байна. Санал асуулгад нийт 6772 иргэнийг хамруулан зохион байгуулсан байна. Санал асуулгад оролцогчдын 879 нь 18-25 насныхан, 1773 нь 26-45, 1400 нь 46-гаас дээш насны иргэд байна. Боловсролын хувьд дээд боловсролтой 1084 иргэн, дунд боловсролтой 2447, бага 521 иргэн, ажил эрхлэлтийн байдлаар төрийн албан хаагч 453, малчин 430, ажилчин 868, тэтгэврийн 685, ажилгүй 1616 иргэн тус тус санал асуулгад оролцжээ.

Санал асуулгад оролцсон нийт 6772 иргэний 5650 иргэн буюу 87,4% нь хувь нь “Чингис” хот хэмээн нэрлэхийг дэмжсэн байна.

 Мөн иргэдийн гаргасан саналаас тухайлан нэг зүйлийг онцолж үзвэл Өндөрхаан хотын нэрийг Чингис гэж нэрлэхийг зөвшөөрч байгаагаа дурьдаад Өндөрхаан гэсэн нэрээ авч үлдэн сумандаа өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

Хэрлэн сум нь Монгол Улсын зүүн төв хэсэгт байрласан, эдийн засгийн гол үндэс аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан бөгөөд зүүн бүсийн хатуу хучилтай авто замын гол зангилаа, үйлдвэрлэл хөгжих эх суурь бүрэн тавигдсан,

Зүүн бүсийн тулгуур болон Хаан Чингисийн мэндэлсэн, Монгол төрийн гал голомт оршсон ариун дагшин газрын засаг захиргааны одоогийн төв нэгж болохынхоо хувьд,

Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Чингис хааны түүхэн цогцолбор” байгуулагдах болсонтой холбогдон аялал жуулчлал хөгжих бүрэн боломж нээгдэж, улс орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргах анхаарал татсан газар орон болж хөгжихийнхөө хувьд,

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний 123.1-д Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу бүх аймгийн төвийн болон 15000-гаас дээш хүн амтай суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг боловсруулж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлнэ" гэж тусгагдсаны дагуу аймгийн төв Өндөрхаан хотыг улсын зэрэглэлтэй хотболгож аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөж байгаагийн хувьд,

Дэд бүтцийн хөгжлийн түвшин, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргээрээ бусад засаг захиргааны нэгжийн нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлөх, дэмжих бүрэн боломжтойн хувьд,Монгол үндэсний бахархалт хайрхан Бурхан халдун уул Хэнтий аймгийн нутагт оршиж, Мөнх хөх тэнгэрийн хүчинд зарлиг тогтоон, дэлхийн дайдад алдар суугаа мандуулж ирсэн эзэн Чингис хааны өлгий нутагт мэндлэн өсч, амьдарч ажиллаж, аймаг, олноороо эвтэй, хүчтэй, эд баялагтай байхын бэлэгдэл болсон Үндэсний бахархалт алтан ургийн сүлд эр цагаан хүн шонхор шувууг сүлдэр болгон тахих эрх дархыг эдлэн суугаа тул Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг “Чингис” гэж нэрлэх үндэслэлтэй хэмээн үзжээ.

Ийнхүү өнөөдрийн Балжиннямтай билэгт сайн өдөр Хэнтий аймгийн төвийг “Чингис” хот хэмээн зарлалаа.

И.Байгалмаа