Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Салхиар дуулагч” нэртэй Монгол туургатны хөөмийн анхдугаар уралдаан энэ сарын 19-22-нд Улаанбаатар хотноо болох юм. Тус уралдаанд зургаан улсын 100 гаруй хөөмэйч оролцохоор бүртгүүлсэн аж. 

Энэ талаар Монголын хөөмэйн холбооны гишүүн Б.Хосбаяр "Хөөмэй нь их соёлын үнэт өвийг ЮНЕСКО-д манай улсаас гаралтай гэж бүртгэгдсэн. Тэр ч утгаараа  дэлхий дахинаа энэ түүх соёлоо сурталчилах үүрэгтэй билээ. Гэхдээ зөвхөн өөрсдөө хөгжүүлээд, сурталчилаад явах биш, хөөмэйн урлаг тархсан улстай хамтрах нь илүү үр дүнтэй юм гэж үзсэн. Тиймээс дээрх улсын хөөмэйчдийг ирүүлэхээр болоод байна. Соёлын өвийг хэлэлцэж байгаа энэ үед тус уралдаан маань маш их ач холбогдолтой болох юм" гэлээ.

Манай улс ирэх жилээс ССАЖЯ-тай хамтран хөөмэйн урлагийг соёлын өвийн бүртгэлд хамруулах гэж байгаа юм байна. Мөн энэ урлагийг өвлөсөн ахмадуудад тусгай тэмдэг олгох аж.

Өнөөдрөөс эхэлж байгаа хөөмэйн уралдааны шагналын сан 18 сая төгрөгөөс гадна монгол дархны ур шингэсэн цом, медаль хийлгэжээ. Түүнчлэн уг уралдааны тэргүүн байр 5000 ам.доллар, гоцлол болон хамтлагийн төрлийн нэгдүгээр байр тус бүр 2000, удаах байруудыг 1000, 500 ам.доллараар шагнана.

Д.Ана