Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцэнэ
2013/11/18
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 54 дүгээр тогтоол гаргасан билээ.
Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг 2013 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 9.30 цагаас нээлттэй хийхээр шийдвэрлэв.
Цэцийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэнэ.