Жинхэнэ элийрэл
2013/11/18
Эзэн Чингис хааны төрсөн өдрийг өвөл, зун хэмээн маргадаг эрдэмтэд маань төрсөн нутаг нь Хэнтий аймагт гэдэгт “азаар” санал нийлдэг. Тэгвэл Чингис хааны нутаг нэгтэн, үр сад нь аймгийн төвөө энэ өдөр албан ёсоор Чингис хаан хот хэмээн нэрлэж, албан ёсоор зарлаад байна.
Тодруулбал Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургадугаар хуралдааныг олон нийтэд нээлттэй зохион байгуулж, Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг "Чингис" хэмээн нэрлэх асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Өндөрхаан хотыг Чингис хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Мөн Хэрлэн сумыг "Өндөрхаан" сум гэж нэрлэхээр иргэдийн гаргасан саналыг Засгийн газарт хүргүүлэхийг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын Захирагч Н.Базарханд нарт даалгасан байх юм.
Ингэж нэр сольж байхынхаа оронд нутагтаа Чингисийн онгон барьж байгуулаад аялал жуулчлалын төв болгоход анхаарах ёстой мэт. Өөрөөр хэлбэл Чингис хаанаараа тэгж их бахархаж, ариун дагшин хэмээн ярьж байхынхаа оронд ӨвөрМонголчуудаас өрсөж Чингис хааны онгон гэж байгуулсан бол олны талархалыг хүлээх байсан юм. Хэлж байснаа ажил хэрэг болгох хангалттай цаг хугацаа Хэнтийчүүдэд байгаагүй биш байсан. Түүхийг сөхбөл Өндөрхаан хотыг Чингис гэж нэрлэх тухай анхны саналыг 1989 оноос эхлэн албан ёсоор гаргаж байжээ. 1990 оны өвөл жанжин Б.Пунцагийн талбайд болсон иргэдийн цуглаанаас, мөн Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Өндөрхаан хотыг “Чингис”, Хэрлэн сумыг Өндөрхаан сум гэж нэрлэх тухай иргэдээс гарсан саналыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал авч хэлэлцэн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталгаажуулан уг санал хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор өргөн мэдүүлж байсан.
Анх ярьснаа 24 жилийн дараа ажил хэрэг болгож байгаа улсууд хэзээ Чингис хааныхаа онгоныг байгуулж, хэзээ аялал жуулчлалын төв байгуулах нь асар бүрхэг. Өөрөөр хэлбэл Хэнтий аймгийн хурган дарга нарын хэлж байгаагаар Чингисийн цогцолборыг дэлхийн гайхамшиг болох хэмжээнд барьж байгуулахаар зорьж байгаа гэх. Гэвч энэ ажлын зураг төсөл нь ч хийгдэж эхлээгүй байгаа ажээ. Харин цээжиндээ бодож, нутгийн иргэдээс саналыг нь сонсож байгаа юм байх. Ингэж бодож, байгуулах гэсээр байтал хөрш улс нь Чингис хааныг цогцолборыг байгуулаад, их хааныг маань манайх гээд сууж байх вий дээ.
Хэнтийн хурган дарга нар нэр сольж элийрч байхаар нутаг орныхоо хөгжилд голлох үүрэг гүйцэтгэх өөр олон асуудалд анхаарал хандуулан ажилласан нь дээр гэдгийг хэлэх хүн олон байна.
Хэн дуртай нь их хааныхаа нэрийг дураараа “зээлж” нэр хүндийг ингэж унагаж байхаар аялал жуулчлалын цогцолбороо түргэн байгуулах тал дээр эрдэмтэд, судлаачидтайгаа хамтраад ажилласан нь дээр л баймаар...
Одоо Хэнтийчүүд гэлтгүй цөмөөрөө эзэн хааныхаа нэрийг зээлж, нэр өөрчилдөг элийрлээ больцгоое.
Э.Мөнгөн