Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Уг сонгуульд МАН, АН-аас хэн хэн нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод буй юм.
Хэдийгээр дээрх намуудын холбогдох шатны хурал нь болж, нэр дэвшигчийг албан ёсоор тодруулах хэдий ч МАН-аас УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, АН-аас Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших магадлал тун өндөр байна.
 
Харин парламентад суудалтай гуравдагч хүчин болох МАХН-аас С.Ганбаатар, Л.Эрдэнэчулуун, Н.Алтанхуяг нар нэр дэвшинэ гэх мэт олон мэдээлэл явсан ч энэ бүхний эцэст Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэл нь хэвээр байгаа төдийгүй бэлтгэлээ базаан, ажиллаж эхэлжээ. Уг шийдвэрийг ч нотолж, МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж:  " МАХН Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын  бүх хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэлгүй гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг зарим улс төрийн хүчин, хуульчид хэлж байгаа шүү дээ. Жишээ нь, АН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин болон Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав энэ хүнд ял шийтгэл байхгүй гэж хэлсэн. Зөвхөн энэ хүмүүсийн ярьснаар ч биш өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар ял, шийтгэл байхгүй байгаа.  Иймээс Н.Энхбаяр дарга нэр дэвших бүхий л нөхцлийг хангаж байгаа. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бүх улс төрийн хүчин хамгийн шилдэг нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдөх байх." хэмээсэн аж.
 
МАХН-ын дарга Н.Энхбаяр ч  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тохиролцон, нэр дэвших хуулийн боломжийг олж авна гэдэгтээ тун итгэлтэй байгаагаа ч МАХН-ын удирдах аппаратынхандаа ярьсан байна. Мөн Шинэ Үндсэн Хуулийн төслийг танилцуулах нэрээр хөдөө орон нутагт уулзалт хүртэл хийгээд эхэлжээ. Хэрэв МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшвэл Монголын улс төрийн түүхэнд Ерөнхийлөгч байсан хүн "даагаа нэхэж буй" анхны тохиолдол болох юм.
 
П.Энхмандах 
sonin.mn