1992 онд Монгол улс дөрөв дэхь Үндсэн хуулиа баталснаас хойш нийт зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болжээ.  
 
Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд МАХН-аас "Үнэн" сонины Ерөнхий Эрхлэгч, эрдэмтэн Л.Түдэв, МҮАН, МСДН-ын эвслээс БНМАУ-ын Ерөнхийлөгч, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга  П.Очирбат нар дэвшиж, П.Очирбат ялалт байгуулсан.
Харин Монгол улсын Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуульд МАХН-аас МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Н.Багабанди, МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, МУНН-аас УИХ-ын гишүүн Ж.Гомбожав нар, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2001 оны сонгуульд МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, АН-аас   АН-ын ҮЗХ-ы гишүүн Р.Гончигдорж, ИЗН-аас "Монгол мэдлэг" их сургуулийн захирал, доктор Л.Дашням нар тус тус нэр дэвшиж, Н.Багабанди хоёуланд нь ялалт байгуулсан билээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд МАХН-аас УИХ-ын дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-аас УИХ-ын гишүүн, УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Энхсайхан, БНН-аас УИХ-ын гишүүн, БНН-ын дарга Б.Жаргасайхан, Эх Орон намаас Эх Орон намын дарга, УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбат нар дэвшин, Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гэвч тэрээр дөрвөн жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржид ялагдсан юм. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшсэн Эрүүл Мэндийн сайд Н.Удвал нартай өрсөлдөн, хоёр дахь удаагаа ялалт байгуулсан.  Sonin.mn та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулагчид хэдэн хувийн санал авч байсныг толилуулья.
 
 
Ч.Анхныбаяр мэдээллийг бэлтгэв.
sonin.mn