“Чингис бонд”-ын хүүнд төлөх мөнгө Засгийн газарт бий юү
2013/11/20
Монгол Улсын “Чингис” хэмээх тодотголтой 1,5 тэрбум ам.долларын бондыг гадаадын зах зээл дээрээс босгоод даруй нэг жилийн нүүр үзэж байна. Энэхүү бондыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар олж ирснээрээ түүхэн гавьяа байгуулсан билээ.
Бондын хөрөнгөөс өдгөө дөнгөж 930 тэрбум төгрөгийг ашигласан бөгөөд энэ мөнгөнийхөө 10 гаруй хувьтай тэнцэх буюу бараг 110 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн хүүндээ энэ жил төлөхөөр байгаа талаар эх сурвалж мэдээлж буй. Энэ бол багцаалж тооцоход 30 дунд сургууль, 50 цэцэрлэг барих мөнгө зөвхөн хүүний төлөөсөнд салхинд хийсч байна гэсэн үг юм. Бондын хөрөнгө өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд Монголбанкны дансанд орж эхний хагас жилийн хүүгийн төлбөр болох 35,85 сая ам.доллар буюу 51,5 тэрбум төгрөгийг өнгөрсөн зургадугаар сарын 6-нд төлсөн. Одоо хагас жилийн хугацаанд бид мөн л ийм мөнгийг зөвхөн хүүнд зориулахаар байгаа юм. Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ "”Чингис бонд"-ын хүүгийн төлбөрийг Монголбанк хийсэн. 106 тэрбум төгрөгийг жилдээ хүүнд нь төлнө.
Өдөрт 260 сая төгрөг төлж байна” гэсэн бол Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Засгийн газар 500 сая ам.долларыг таван жилд, нэг сая ам.долларыг арван жилийн хугацаанд төлөх нөхцөлтэйгээр 1.5 сая ам.доллар босгосон. Таван жилийн хугацаатай бондын хүүнд 4.25, арван жилийн хугацаатай бондын хүүнд 5.25 хувийн хүү төлнө. Үүнийг гэрээний дагуу хагас жил тутам төлөх юм. Бондын хүү гэрээний дагуу төлөгдөөд явж байгаа. Жилд 70 орчим сая ам.долларын хүү төлөхөөс эхний зургаан сард 30 орчим сая ам.долларын хүү төлсөн. Хамгийн гол нь өнөөдөр бид төсөл, хөтөлбөрүүдээ чанартай, хурдан хийж хэрэгжүүлэхгүй бол цаашдаа бондын мөнгөнд хоосон хүү төлөөд явах хүнд нөхцөлд хүрнэ гэсэн үг” хэмээн хэлсэн байх юм. Харин эдийн засагчид “Чингис бонд”-ын хүүгийн өрөнд өдөртөө 378 мянган ам.доллар, монгол төгрөгөөр 511 сая төгрөгийн хүү төлж байгааг хэлж буй.
Тэгвэл сүүлийн үед “Чингис бонд”-ын хоёр дахь шатны хүүг энэ ондоо багтааж төлж чадахгүй. Монгол Улсад мөнгө байхүй учраас хойшлуулж байгаа гэх яриа гарах болсон билээ. Энэ талаар УИХ-ын зарим гишүүнээс тодруулахад ийн хариулсан юм.
Ц.Даваасүрэн: “Чингис бонд”-ын хүүнд 74 сая ам.доллар, монгол мөнгөөр 100 гаруй тэрбум төгрөгийг төлөхөөр 2014 оны төсөвт суулгасан. Хүүг хуваарийн дагуу төлнө. “Чингис бонд”-ын үндсэн төлбөр 2017, 2022 онд төлөгдөнө. Төсөв тодотгосны дараа Монгол Улсын орлогын бүрдэлт сайн болж байгаа.
С.Дэмбэрэл: “Чингис бонд”-ын хүүг төлж чадахгүй байгаа гэдэг яриа худлаа. “Чингис бонд”-ын хүү гэдэг чинь Монгол Улс шүү дээ. Үүнийг Монголбанк, Засгийн газар хоёр санхүүгийн зуучлалын гэрээгээр шийдсэн. Тийм учраас яг хугацаанд нь хүүгээ төлөөд явж байгаа. Юм ойлгодоггүй юм уу, “Чингис бонд”-оор шалтаглаж улс төр хийх гэсэн хүмүүсийн гаргаж байгаа яриа байх. Түүнээс биш хүүг төлөх бүрэн боломжтой. Монгол Улсад үүнээс өөр боломжтой зүйл байхгүй.
С.Ганбаатар: Бонд бол өрийн бичиг. Энэ бол ломбард гэсэн үг. Бонд хүүтэй. “Чингис бонд”-ын хүүгээс давсан нэмүү ашиг шингэсэн зүйл рүү хөрөнгө оруулалт хийх ёстой. Төмрийн баяжуулах үйлдвэрийг барьсан тохиолдолд бид гурван жилийн дотор 1,5 тэрбум ам.долларыг хүүтэй нь төлнө гэсэн үг. Зам, дэд бүтэц 40-50 жилийн дараа үр ашгаа өгөх байх. Гудамж төсөлд би дуртай. Гэхдээ бондын мөнгийг гудамжинд оруулахгүй үр ашгаа өгөх үйлдвэр барих хэрэгтэй. Бондын хүүг төлж чадахгүй байгаа нь хамгийн аюултай. Үр хүүхдийг маань барьцаанд тавьж байгаад авсан зүйл шүү дээ. Бондын менежмент төлөвлөлтийн талаар УИХ-аар ярихаас өөр арга замгүй.
А.Тлейхан: Бондыг жилийн 4,2 хувийн хүүтэй авсан. Өдөрт хүүнд нь 275 сая төгрөг төлж байгаа. Жилдээ 70 сая ам.долларын хүү төлнө. Арван жилийн дараа 700 сая ам.доллар болно. 1,5 сая ам.доллар дээр 700 сая ам.долларыг нэмэхээр 2,2 их наяд төгрөг болно. Бонд аваад жил болж байна. Талыг нь ашиглаагүй л байгаа шүү дээ. Гэвч хүү төлсөөр л байна. Хүүнд нь шатаад дууслаа. Өнөөдөр бидэнд зам хэрэгтэй. Гэвч эдийн засагт ашгаа өгөх нь эргэлзээтэй. Тиймээс бондод болгоомжтой хандах ёстой.
Гишүүдийн байр суурь ийм байна. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис бонд”-ын талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийх үеэрээ “Чингис бонд”-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд авто зам, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц зэрэг 200 гаруй ажил орж байгаа. Үүнд хоёр их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан. Эхнийх нь авто замын хөтөлбөрт 1800 км зам дээр 570 тэрбум төгрөг зарцуулахаас 300 орчим тэрбум төгрөгийг ашигласан. 800 гаруй км зам тавьсан. 33 уулзвараас 16 уулзварыг ашиглалтад өгсөн. 18 уулзварыг энэ ондоо багтаан хийнэ. Үүнд 200 орчим сая ам.доллар зарцуулна. Гэр хорооллын 12 байрлалын дахин төлөвлөлт 80 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Дэд бүтцийн шугамд 120 орчим тэрбумыг төлөвлөсөн. Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт таван чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүнд 270 тэрбум төгрөгийг арилжааны банкаар дамжуулаад иргэд, аж ахуй нэгжид олгохоор болсон. 44 орчим тэрбум төгрөг эзэндээ хүрсэн. Шинэ төмөр зам төсөлд 400 орчим сая ам.доллар өгөхөөс болсон. Үүнээс 212 тэрбум нь гарсан. Тавантолгой төсөл дээр 50 сая ам.доллар гаргаж, ажлаа эхлүүлсэн. Мөн төмөрлөгийн үйлдвэрийг дэмжихээр болсон” хэмээсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын гадаад өр ДНБ-ийн 40 хувьд хүрсэн талаар Ерөнхий сайд хэлсэн. Гадаад өр 40 хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж эдийн засагчид үздэг. Экспортын чадавхи султай, импортод тулгуурласан үйлдвэрлэл хөгжөөгүй, төсвийн нийт зардлын 75 хувийг урсгал зардал эзэлдэг манай улсын хувьд хүүгийн өр гэдэг тийм ч амар зүйл биш юм. Олон эдийн засагч бондын хүүг хэрхэн төлөх вэ гэдэг дээр Чили улсын дараа дэлхийд хоёрдугаарт орох зэсийн үйлдвэрлэлдээ найдсаар байгаа. Нэг ёсондоо зэсийн үйлдвэрлэлээрээ бондын хүүгийн өрөө нөхнө хэмээн төсөөлж буй. Түүнчлэн Оюутолгойг ДНБ-ийн 55 хувьтай тэнцэхүйц орлого олно гэж шинжээчид үзэж байгаа. Гэвч “Чингис бонд”-ын хөрөнгөөр үйлдвэрлэл барих бус зам барилга бариад байгаа нь хамгийн муу бодлого гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж, анхааруулсаар байна. Үр ашиггүй төсөл хөтөлбөрт бондын мөнгөө цацчихаад өдөрт 275 сая төгрөгийн хүү төлөөд явах нь хэнд ашигтай вэ. Бодож үзэх л асуудал. Ямартай ч “Чингис бонд”-ын хүүнд төлөх мөнгө Засгийн газарт бий юү гэх “Бор шувуу” тархаж эхэллээ. Магадгүй худал цуу үг байж мэдэх ч үнэний хэлтэрхий нуугдаж буйг хэн мэдэх билээ.
У.САРАНГЭРЭЛ