Монгол улсын Иргэн Г.Ичинхорлоо 3 сарын 8-наас эхлэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эсэргүүцэж буйгаа зарлан, Лондон хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн билээ. Жагсаал өргөжсөөр буй бөгөөд тэд  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, их хэмжээний авлига авсан, АНУ-д нийт 7 байр худалдан авсан гэж буруутгаж байгаа юм.
 
Харин Ерөнхий сайд асан, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяр 3 сарын 23-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудтай уулзан, зохих тайлбарыг хийсэн. Энэ үеэрээ тэрээр өөрийг нь буруутгаж буй асуудлуудад : "Энэ намайг яллаад Оюутолгойн гэрээ бол миний бахархал. Намаа засагт ялчихаад байхад хамтарсан Засаг байгуулж байгаад энэ гэрээг байгуулсан. Энэ төсөл өнөөдөр Монголыг тэжээж байгаа. Жилдээ 300 сая доллар өгдөг өөр газар байхгүй. Гэрээ зурагдсанаас хойш Монголд өгсөн мөнгө нь манай гурван жилийн төсөвтэй тэнцэх мөн байгаа...
 
Ер нь би авлига авчихсан нь үнэн бол долоон байр авч яах юм бэ? Тэгээд ч "Рио Тинто" шиг олон нийтийн нээлттэй компани авлига өгөөд байж байх уу?...
 
 2 жилийн өмнө гадаа жагсаж буй хүмүүсийн барьж байгаа лоозон дээрх photoshop  анх гарч ирсэн. Миний толгой, миний хүүхдүүдийг монтажилсан зураг байгаа. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Г.Уянга анх дэлгэж байсан. Энэ асуудлын хариуг ямар нэгэн байдлаар би гарчихсан гэж ойлгож байгаа. 2 жилийн өмнө өөрийгөө шалгуулья гээд  би АТГ-т хандсан. 
Г.Уянга бол хоёр асуудал хөндсөн. 1-т  АНУ-д баахан байшин байна. Энийг ямар мөнгө төгрөгөөр авсан вэ?  2-т Оюу Толгойн мөнгийг завшсан байж магадгүй байна.  Тэгээд АТГ намайг шалгаад С.Баяр хууль зөрчсөн, авлига авсан нь тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж үзсэн...
 
Байрны хувьд бол их энгийн.  Анх бол охины байр гэж байгаад яваандаа  миний өөрийн байр гэж бичих болсон. АНУ-д бүртгэл бол ил тод. Би охиноос асуухад 7 бишээ, миний зарсан байр 10 гарсан гэсэн. Охин маань 2003 онд энэ бизнесээ эхлээд байшин аваад, засаад буцаагаад зарчихдаг юм ...
 
Гадаадад байгаа хүмүүс чинь завгүй байдаг шд. Тэгэхээр энэ жагсаал хийж буй хүмүүсийн ард улс төрчид байгаа гэж би хардаж байгаа...Зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Юм шиг гэдэг нь жагсаалын зорилгыг би сайн ойлгоогүй. Яг ямар хүсэлт, зорилго, санал тавиад байгаа юм бэ, уулзах уу гэхээр, уулзахгүй гээд...
 
Жагсагчдын барьсан самбарууд дээр шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай. Тэр талаар лавлаж тодруулах, миний талаар юм чинь надаас асууж лавлах юм байна уу гэтэл байхгүй л гэсэн...
 
 ...Санжаагийн Баяр гэдэг хүнийг Монголын төр элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ, би өөрөө шийдэхгүй." гэж хариу өгсөн билээ.
 
Тэгвэл иргэн Г.Ичинхорлоо нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж,
Улсын Их хурлын дарга М. Энхболд,
Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат 
Монгол Улсын Гадаад Хэргийн  Сайд Ц. Мөнх-Оргил нарт хандан шаардах бичиг хүргүүлжээ. Уг  бичигт С.Баярыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албанаас эргүүлэн татах шаардлага тавьсан бөгөөд сарын дотор хариугаа авна гэсэн байна.
 
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн  14.3-т " Монгол Улсаа гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэсэн заалт бий. Иймээс Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эргүүлэн татах эсэх, ер нь эргүүлэн татах шаардлага дахь үндэслэл бодитой эсэх гэх мэт олон асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж л шийдэх бололтой.
 
П.Энхмандах
sonin.mn