-АН их хурлаа хийж, үндсэн дүрмээ өөрчлөх зэргээр сүүлийн үед нэлээд их өөрчлөлтүүдийг хийж буй. Таны хувьд эдгээр өөрчлөлтүүдийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-АН шинэчлэл хийх үйл ажиллагаагааг эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийхээр хичээж байна. Харин шинэчлэгдчихлээ гэдэг асуудлыг бол хийж буй өөрчлөлтүүдийн үр дүнг харж байж л ярих асуудал юм. Ер нь АН-ыг бүрэн шинэчлэхийн тулд зөвхөн Ардчилсан намын үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлагдахгүй гэж бодож байна. Угтаа бол төрийн тогтолцоог өөрчилж байж, намууд жинхэнэ утгаараа шинэчлэгдэх чиглэл рүүгээ явна. Хэрвээ төрийн тогтолцоо одоогийнх шиг олигархийн тогтолцоогоороо байгаад л байвал нам олгархийнх хэвээрээ байна. Тиймээс шинэчлэлийг утгаар нь хийхийг хүсч байгаа бол цаана нь төрийн тогтолцоог өөрчилж байж намууд бүрэн шинэчлэгдэх боломжтой. 
 
-Ирэх ням гарагт АН-ын дотоод сонгууль болох гэж байна. Та нэр дэвшиж байгаа хүний хувьд сүүлийн үед зөв, буруу гэж яригдаад байгаа дэнчингийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Дэнчингийн асуудал нэг талдаа сонгогдох эрхийг гарцаагүй зөрчөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэнчингийн мөнгийг тушааж чадахгүй бол сонгогдох эрхгүй гэсэн үг. Тэгэхдээ нөгөө талдаа нэр дэвшин өрсөлдөж байгаа хүмүүсийн сонгуулийн ажлыг зохион байгуулахад нэлээд их хэмжээний зардал гарна. Тэгвэл тэр зардлын тодорхой хувийг тухайн нэр дэвшигч хариуцах ёстой. Тиймээс ч арга байхгүй дэнчин тавьсан. Зүгээр л гишүүдийн татварын мөнгөөр хэн нэгний сонгуулийн ажлыг хийгээд байж болохгүй.
 
Ер нь өнөөгийн төрийн тогтолцоотой уялдсан дэнчингийн сонгууль хийж байгаа гэж хэлж болно. Хэрвээ энэ залуусын хүсээд байгаа шиг Ардын их хурал /АИХ/ гэдэг танхим байгуулагдчихвал тухайн АИХ-ын тойрог дээр мөнгөний сонгууль болохгүй. Учир нь нэг сум буюу хороо АИХ-ын тойрог болно. Тэгвэл сум гэдэг нь үндсэндээ танилын холбоо шүү дээ. Тиймээс тухайн суманд нэр дэвшигч морь унаж тойроод ч болов иргэдтэйгээ уулзчих боломжтой учраас их хэмжээний мөнгө шаардагдахгүй.
 
Гэхдээ огт зардал гарахгүй байна гэж байхгүй. Тодорхой хэмжээний зардал гарна. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны тараах материал хэвлэхээс эхлээд зардал гарна. Түүнийгээ ах, дүү, хамаатан садан, найз, нөхдөөсөө цуглуулчихаж болно. Гэтэл том тойрогтой УИХ-ын сонгуульд ийм боломж хэнд ч байхгүй. Тухайлбал, зарим газар УИХ-ын нэг тойрог нь нэг аймаг байгаа. Тиймээс нэр дэвшигч тухайн аймгаар бүтэн тойрч, сонгогчидтойгоо уулзана. Зардал нь бараг 100 сая төгрөг болно. Тэгвэл ийм хэмжээний мөнгө төлж чадахгүй л бол тухайн хүн нэр дэвшээд ч сонгогчидтойгоо уулзаж чадахгүй.
 
Тиймээс томорсон тойрог дандаа мөнгөний босготой болчихоод байгаа. Том үйл ажиллагаа явагдаж байгаа учир дэнчин тавихаас өөр арга байхгүй. Ер нь ийм том тойргоос бүрддэг төрийн тогтолцоо байгаа тохиолдолд мөнгөтэй л хүн төрд орно. Харин АИХ шиг жижиг тойрогтой болоод тэндээс төр бүрддэг байх юм бол мөнгөний сонгууль гэж байхгүй болно. 
 
-АИХ гэснээс “Ардын их хурал хөдөлгөөн”-өөс санаачлан зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалт хэр үр дүнтэй болж байна вэ?
-Энэ зөвлөгөөн их үр дүнтэй болж байна. Бүр миний бодож байснаас ч илүүтэйгээр хүчээ авч байна. Уг нь төрийн эрх мэдлийг хөрөнгө мөнгөтэй цөөнхөд алдаад дууслаа. Тиймээс үүнийг таслан зогсоож, жинхэнэ ард түмэнд засгийн эрх мэдлийг олгохын тулд сум, хороо бүрээс депутат нь сонгогддог АИХ гэсэн танхимтай болох тухай бараг 10-аад жилийн өмнөөс яриад байгаа. Үүнийг хуучин депутат байсан хүмүүс, би ч, бусад хүмүүс ч ярьсан. Тухайн үедээ нийгэм огт хүлээж авахгүй байсан. Гэтэл одоо нийгэм хүлээж авахаар барахгүй залуучууд илүү сонирхож байна. Залуучууд сонирхох нь ойлгомжтой. Өнөөдөр УИХ шиг их мөнгө нэхдэг төр байгуулах гэж байгаа бол энэ залуучуудад төрийн эрх мэдэлд оролцох боломж байхгүй. Харин АИХ бол залуучуудад төр болоод төрийн эрх мэдэлд оролцох, нийгмээ удирдах бололцоог олгоно. Тиймээс ч залуучууд үүнийг сонирхоод байгаа байх гэж харлаа. Үнэхээр  хүчээ авч байна шүү дээ. 
 
-Ерөнхийлөгчийн сонгууль болох дөхөж байна. Цаг хугацаа ойртох тусам нэр дэвшигчдийн асуудлаар шуугиж буй. Таны хувьд Ерөнхийлөгчин сонгуульд нэр дэвших бодол бий юу?
-Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа. Гэхдээ хэнийгээ нэр дэвшүүлэх эсэх нь манай намын сунгаагаар шийдэгдэх асуудал. Улмаар намын гишүүдийн олонхи нь дэмжсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх юм. Тиймээс ч би сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно. Ийнхүү нэр дэвших гэж байгаа маань шалтгаантай. Тэр нь улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх юм. Ер нь энэ улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй байна.
 
 
Тиймээс АИХ гэх танхимыг бий болгох, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, энэ үзэл санаагаа нийгэмд хүргэж, дэмжлэг авах шаардлагатай байна гэсэн үндсэн дээр би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсч байгаа юм. Түүнээс биш Ерөнхийлөгчийн албан тушаал гэх мэт энгийн зүйлийг сонирхох төдийхнөөр оролцох бол надад үнэхээр сонин биш. Би өнгөрсөн намар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ч хэлж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн болон намын даргын сонгууль бол улс төрийн тогтолцоог өөрчлөх хувьсгалын хажууд 10 дахин жижиг асуудал.
 
Өнөөдөр нийгмээ эрүүл, зөв зүйтэй болгоё гэвэл тогтолцоог л өөрчлөх ёстой. Тогтолцоог өөрчлөхдөө бага хурал, АИХ гэсэн хоёр танхимтай болгох хэрэгтэй гэдэг зүйлийг хэлж байлаа. Одоо ч би үүнийгээ л хэлнэ. Тэгэхээр миний Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа зорилго бол энэ улс төрийн зорилтоо хэрэгжүүлэхэд л оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийг ашиглах гэж байгаа юм. 
 
-АН-ын гишүүд таныг хэр дэмжих бол. Одоо фракциуд нь намын даргаа хүлээн зөвшөөрөхгүй байх зэргээр дотооддоо зөрчилтэй л байгаад байх шиг?
-Намын даргыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ одоогоор ямар ч фракци албан ёсоор мэдэгдээгүй байна. Зүгээр фракцийн гэх нэр бүхий гишүүд намын даргын явуулж байгаа үйл ажиллагааг шүүмжилж байгаа явдал бий. Түүнээс “С.Эрдэнэ намын дарга биш шүү, бид хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж хэн ч хэлээгүй. Гэхдээ өнөөдөр нам бол зүгээр л эрх мэдлийн төлөө зүтгээд байна. Гэтэл тэдгээр хүмүүс яах гэж, юуны төлөө эрх мэдэлтэй болох гээд байгаа юм. Юуны төлөө Засгийн эрхийг авах гээд байгаа юм бэ. Нийгмээ л өөрчилж, ард түмнийхээ амьдралыг сайн сайхан болгохын төлөө зүтгэх ёстой биз дээ. Үр хүүхдээ бохир биш эрүүл саруул нийгэмд амьдруулахыг хүссэн зорилготой байх ёстой. Гэтэл энэхүү зорилгоо хойш нь, эрх мэдлээ урд нь тавиад байгаа явдал нь намуудын доторхи ёс суртахууны уналтаас авахуулаад, зах замбараагүй байдлын шалтгаан болоод байгаа юм. 
 
-АН-ын дотоод асуудал нь ихдээд сөрөг хүчний ажлаа муу хийгээд байна гэх шүүмжлэл гарах боллоо. Нийслэлийн Ардчилсан намын даргын хувьд энэ бүхнийг та юу гэж харж байгаа вэ?
-Үнэхээр АН сул сөрөг хүчин үү гэвэл тийм. Үүнийг өнгөрсөн намраас хойш бид намынхаа дотоод шинэчлэл рүү хэт их анхаарчихсантай холбоотой гэж харж байгаа. Намаа хамарсан өргөн хүрээний шинэчлэлийн үйл ажиллагаа хийж байгаа учир тэр асуудал руугаа анхаарчихсан учир сул байсан гэж харж байгаа юм. Тиймээс энэ шинэчлэлийн үйл ажиллагаа өрнөөд өнгөрсөний дараа бол асуудал өөр болно гэж бодож байна.