УИХ-ын гишүүн З.Нарантуяа тойрогтоо ажиллаж байна
2017/03/30
УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ сарын 29-ний өдрөөс Завхан аймгийн Улиастай суманд ажиллаж байна. Завхан аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллагсад, Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, Боловсрол соёлын байгууллагуудын албан хаагчид, багш нар болон Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчилж, сонгогчиддоо ажлын тайлангаа тавьсанаас гадна хаврын чуулганаар хэлэлцэх Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн хууль, Үндсэн хуулийн төсөл, Төсвийн тодотголын талаар иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо. Мөн тойргоос сонгогдсон гишүүний хувьд аймгийн хэмжээнд цаашид анхаарч, шийдвэрлэн хийх ажлуудын талаар ярилцав.
Завхан аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт анхаарч ажиллах хэд хэдэн чухал асуудал байгаа бөгөөд ялангуяа хавдарын өвчлөлийн хэмжээ улсын дунджаас өндөр, нийт эмнэлгийн нас баралтын 48 хувийг эзэлж байгаа юм байна. Өвчлөл өндөр байгаа нь ундны усны бүтэц, хөрсний бохирдол, хувь хүмүүсийн амьдралын хэв маяг зэрэг олон зүйлээс хамаардаг тул шалтгааныг нь судлах ажлыг эхлүүлж, хавдрын хөнгөвчлөх үйлчилгээний тасагт шаардлагатай байгаа тоног, төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаж байгаад нь эмнэлгийнхэн талархаж байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн яамны зүгээс аймгийн хэмжээнд тулгамдаж байсан эмнэлгийн түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдэж, нэгдсэн эмнэлэг, Их уул, Баянхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан зэрэг сумдад өгөхөөр шийдвэрлэснийг сонгогчиддоо дуулгалаа.
Үдээс хойш Боловсролын салбарынхантай уулзлаа. Уулзалтад оролцсон багш, ажиллагсад тэтгэврийн насыг уртасгах төсвийн тодотгол дагасан хуулийг нилээд шүүмжлэлтэй хүлээн авч байгаагаа илэрхийлж, хэрвээ өөрөө хүсвэл тэтгэвэрт эрт гарч болох тодруулга хийж өгөхийг хүсэв. Багш ажиллагсадын хувь цалин хангамж, ялангуяа үйлчилгээний ажилчдын хувьд урамшил дэмжлэг хүртдэггүй байгаа, сургалтын тоног төхөөрөмж, барилгын засвар үйлчилгээний төсөв санхүү хангалтгүй байгаа зэрэг олон асуудлыг хөндөж ярилцав. Асуудал бүрээр анхаарч, холбогдох яамдтай хамтран ажиллаж байгаагаа гишүүн хэллээ.
Аймгийн төсвийн сум-Улиастайд хот төлөвлөлт, дэд бүтцийн инженерийн шугам, сүлжээний асуудал хамгийн хүндрэлтэй асуудал байгааг ИТХ-ын төлөөлөгчдийн хурлынхантай мөн уулзах үеэр ярилцлаа. Энэ жил Улиастай суманд АН ялсан бөгөөд шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид “Ногоон Улиастай”, “Унадаг дугуйтай Улиастай”, “Цахим Улиастай”, “Сайн хашаа”, “Гудамж төсөл”, “Үйлдвэрлэлийн дэмжих хөтөлбөр” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулав. Эдгээр ажлуудад хамтран ажиллахыг төлөөлөгчид хүссэн бөгөөд УИХ-ын гишүүн З.Нарантуяа бодитой дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдгээ энэ үеэр хэлсэн юм.
Тэрбээр өнөөдөр /2017.03.30/ Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны ажилтан, албан хаагчид болон Богдын гол, Жинст, Довцог, Өлзийт багийн ард иргэдтэй уулзалт хийнэ.