1072 хувьцаа “амилах уу”
2017/04/03
Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувцааг өгч байсан цаг саяхан. Харамсалтай нь сураг төдий байсаар байгаа энэхүү хувьцаа “амьгүй албат” гэдэг шиг тоо төдийнхөн байсаар өдийг хүрлээ.
Яах вэ, зарим нэг нь оюутны сургалтын төлбөрт өгсөн байх. Зарим хөгшид хувьцааны мөнгөө авсан нь ч бий. Мөн 2016 оны сонгуулийн өмнө зарим хүмүүс 322 ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр зарсан. Түүнээс өөрөөр бол 1072 ширхэг хувьцаа амилаагүй. Харин Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Чалко” компанийн өрнөөс гарна гэж байсандаа хүрч, гуравдугаар сарын 30-ны өдөр тус компанид өгөх ёстой байсан 110 сая ам.долларыг барагдуулсан юм. Өр дарсаныг нотолсон санхүүгийн баримтыг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд өнгөрсөн сарын 30-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өгч, хэсэгтээ л баяр хөөр боллоо.
Ер нь бол Монгол Улсын Засгийн газар “Чалко” компанид 350 сая ам.долларын өртэй байсан. Тэгвэл одоогийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболдыг ажил хүлээж авахад 110 саяын өр үлдсэн байж. Мөн олборлогч компани болох ”ТТJVCO”- д 64 сая ам.долларын өртэй байсан аж.
Эдгээр өрийг долоон сарын хугацаанд барагдуулж дууслаа. Тэгэхдээ зөвхөн Зүүн Цанхийн нүүрсээр. Сардаа 600 тонн нүүрс олбоолоод, түүнийхээ 200-г нь “Чалко”-д өгч байсан юм билээ. Одоо “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээрээ өр дарах биш, улсын төсөвт мөнгө оруулахаар боллоо. Дээрээс нь өнөөх алдарт 1072 хувьцаа “амь орох” нөхцөл ч бас бүрдэж байна. Тийм болохоор баярлахгүй гээд яах билээ.
Зөвхөн өрөө дарсанд ч биш, ард түмэн хувьцааныхаа ногдол ашгийг авах нь гэж баярлаж байгаа юм. Гэхдээ хэзээ, яаж, хэдэн төгрөг авах вэ гэдэг нь одоохондоо бүрхэг байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өр дарсан санхүүгийн баримтыг хүлээж авах үеэрээ “Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудад хэлсэн. Харин тус компанийн зүгээс өнгөрсөн сарын 31-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, 1072 хувьцаа үнэд орох боломжтой хэмээн мэдээлсэн юм. Ер нь бол тус компани IPO хийх бэлтгэл хангаж эхлэх юм байна. Гадаадын бирж дээр гарснаар хөрөнгө босгоно.
Тэр хэрээр иргэдийн Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа үнэд орно. Ирэх жилийн сүүлчээр гаднаас хөрөнгө босгох боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа гэдгээ хэлсэн. Мөн энэ жилдээ эхлүүлэх хоёр дахь ажил нь нүүрс баяжуулах үйлдвэр. Эхний удаад нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Цаашдаа угсруулж барьснаар жилдээ таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болох аж. Цаашлаад 2020 он гэхэд нүүрс олборлолтыг 35 сая тоннд хүргэнэ. Ингэхдээ “Эрдэнэс тавантолгой” компани өөрсдөө тоног төхөөрөмж, техниктэй болж, олборлолт хийх боломжийг судалж эхэлжээ.
Мөн Цанхийн уурхайд олборлолт хийдэг болсон цагт ашиг нь илүү өндөр тусах тооцоо гарсан гэдгийг ч мэдээлсэн. Энэ дунд бас нэг бантан байгаа нь “Хүний хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт тараасан 200 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” компани дээр өр байдлаар биччихсэн юм билээ. Энэ мөнгөний хүү нэмэгдээд, одоо 239 сая ам.долларын өр барагдуулах болчихоод байгаа аж.