Санкт-Петербург хотын метронд бөмбөг дэлбэрч, наад зах нь 10 хүн амиа алдав
2017/04/04
САНКТ-ПЕТЕРБУРГ./TASS/. ОХУ-ын Санкт-Петербург хотын "Сенная Плошадь" болон "Технологический Институт" гэдэг метроны хоёр станцын хоорондын дамжих замд орон нутгийн цагаар даваа гарагийн 14:30 цагийн үед дэлбэрэлт болж, 11 хүн амиа алдлаа. Энэ хэргийг Төв Азиас ирсэн 20 орчим настай эрэгтэй үйлдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Дэлбэрэлтэд 45 хүн өртөн шархаджээ.
Холбогдох албаны хүмүүс “Площадь Восстания” өртөөнд байсан тэсрэх бөмбөгийг илрүүлэн аюулгүй болгосон байна.
Сэжигтнийг хэн болохыг олж тогтоогоод байгаа гэж эх сурвалжууд мэдээллээ.
Санкт-Петербургт хохирогчдын дурсгалыг хүндэтгэн гурав хоногийн гашуудал зарлажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлт болсон газарт даваа гарагийн орой очиж, цэцэг өргөсөн байна.
Оросын мөрдөн шинжээчид энэ хэргийг “террорист халдлага” гэж тодорхойллоо. Одоогоор ямар нэгэн бүлэглэл халдлагын хариуцлагыг өөртөө хүлээгээгүй байна.
Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев фэйсбүүк хуудсандаа “энэ дэлбэрэлт бол террорист халдлага” гэж бичжээ.
Дэлбэрэлт үйлдсэнийг дэлхийн удирдагчид зэмлэн буруушаахын сацуу Оросын ард түмнийг дэмжиж, тэдэнтэй сэтгэл санаагаар хамт байгаа гэдгээ илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлбэрэлтийг “аймшигтай хэрэг” гэж тодорхойлоод, Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн бол Германы Канцлер Ангела Меркель үүнийг “харгис балмад хэрэг” гэлээ.
"Сенная Плошадь" болон "Технологический Институт" метроны станцуудын хоорондын замд дэлбэрэлт болсон гэсэн мэдээлэл анх гарсан билээ.
Харин сүүлд Оросын Терроризмтай тэмцэх үндэсний хорооны мэдэгдсэнээр, тус хоёр өртөөний хооронд нэг удаа дэлбэрэлт болжээ.
ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова “дэлбэрэлтэд 10 хүн өртөн амиа алдсан. Тэдний долоо нь хэргийн газарт, нэг нь түргэн тусламжийн машинд, хоёр нь эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураасан” гэж анх мэдэгдсэн юм. Сүүлд мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн тоо 11 болж нэмэгджээ.
Өдөрт хоёр сая гаруй хүн үйлчлүүлдэг Санкт-Петербургийн метронд өмнө нь халдлага дэлбэрэлт болж байгаагүй юм.
Гэхдээ Орос улсад тээврийн хэрэгслүүд, өртөөнүүдэд халдлага дэлбэрэлт үйлдсэн тохиолдол хэд хэдэн удаа гарч байжээ. Тухайлбал, 2010 онд Москвагийн метронд амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэний улмаас 38 хүн амь үрэгдэж байсан бол үүнээс нэг жилийн дараа Москва-Санкт-Петербургийн чиглэлд явж байсан хурдны галт тэргэнд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 27 хүн амь үрэгдэж, 30 хүн шархдаж байжээ. Энэ хоёр халдлагыг лалын хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэл үйлдсэн байна.
Г.Доржханд
montsame.mn
зочин · 2017/04/04
Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлье. АН-хан бол Америкт, МАН-хан Хятадад хандардаг болчихсон байна.