Манай улсын иргэд гадаадад ажиллаж, амьдрах нь ихэссэн. Энэ ч утгаараа хүний нутагт гэмт хэрэгт холбогдох, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.

Тэгвэл манай улсын 26 иргэн Солонгос улсад сураггүй алга болсон гэх мэдээлэл бий. Энэ талаар Гадаад харилцааны яамны мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайванаас зарим зүйлийг тодрууллаа.

-Солонгост ажиллаж амьдарч байгаад сураггүй алга болсон иргэдийн мэдээлэл цацагдах боллоо. Нийт хичнээн хүн сураггүй байгаа юм бэ?
-Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ар гэрийнхэнтэйгээ холбоо бариагүйн улмаас сураг тасарсан гэх 26 иргэний садан төрөл манай яаманд хүсэлт гаргасан байгаа. Энэ хүсэлтийн дагуу эдгээр иргэдийг эрэн сурвалжилж байна. Сөүл хот дахь манай Элчин сайдын яам тус хотод оршин суугаа иргэдэд хандаж тэдний тусламжтайгаар сураггүй бологсдыг эрэн сурвалжилж, иргэн бүрийн мэдээллийг Солонгос улсад оршин суугаа Монголчуудын сайтад байршуулсан.

-Иргэдийг эрэн сурвалжилж байгаа гэлээ. Эрлийн явцад сураг ажиг гарч байна уу?
-Эхнээсээ зарим иргэдийн сураг гарч байна. Гэхдээ нэмэлт мэдээлэл ирж, баттай болтол нийтэд дэлгэх боломжгүй.

-Сүүлийн үед хүний наймааны хэрэг газар авах болсон. Сураггүй бологсдоос эл хэрэгт холбогдсон байх магадлал бий уу?
-Тэр талаар одоохондоо ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Эрэн сурвалжлах явцад зарим нэг хүндрэл гарч байгаа. Анх Солонгост зорчихдоо өөр хүний нэрээр гарсан байх жишээтэй. Гэхдээ эрэн сурвалжлах ажил үргэлжилсээр байна.

Б.Халиунаа