Хос хоёр "Язгуур" цомгийнхоо нээлтийг хийлээ
2013/11/21
Уртын дуучин СТА, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын хамтарсан Монгол ардын дуу, ардын харилцаа дууны “Язгуур” цомгийн нээлтээ өчигдөр Чинван Ханддоржын өргөөнд хийлээ.
Сүүлийн үед гарч ирж буй хослон дуулаачдаас онцгой ялгарч чаддаг энэ гэр бүл уртын дуундаа үнэнч үлдсэн цөөхөн уран бүтээлчдийн нэг билээ. Шинэхэн цомгийн нээлтэд Ерөнхий ивээн тэтгэгч "Sunsine" компанийн төлөөлөгчид болон Монгол Улсын Гавьяат багш Ц. Дэлгэр багш, "Дархан нэхий" ХК-ний маркетингийн менежер Г.Ганцэцэг нар хүрэлцэн ирсэн юм.
Монгол Улсын Гавьяат багш Ц. Дэлгэр: "Монголын уртын дуу Хүннүгийн үеэс эхлэлтэй хэмээдэг байснаа өнөөдөр Хүй нэгдлээс эхэлсэн гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл хөгжүүлж уртын дуугаа өвлүүлэн авч үлдэх талаар анхаарах болсон. Миний хоёр шавь сургуулиа төгссөнөөсөө хойш үзэгчдэдээ уран бүтээлээ тасралтгүй хүргэж ирсэн. Өнгөрсөн жил би гавьяат багш цолыг авч байх үед энэ хоёр маань хуримаа хийж давхар сайхан баяр болж байсан юм. Өнөөдөр шинэ цомгийн нээлтээ хийж байна миний хувьд туйлын баяртай байна. Монголчууд уртын дуугаа дуугаараа жигүүрлээд сайхан амьдарч байна. Дууныхаа клипийг маш сайхан дүрсжүүлж олны хүртээл болгосон. СУИС-д уртын дууны өдрийн ангид мэргэжлийн зургаан багштай 100 гаруй хүүхэдтэй сургалт явагдаж байгаа. Уртын дуугаа түгээн дэлгэрүүлэхэд ахмад багш нар хувь нэмрээ оруулж яваа. Энэ жил олон улсын уртын наадам зохион байгуулагдсан. Энэ наадамд манай монголоос гадна Хятад, Япон, Солонгос зэрэг олон орны уртын дууг уламжилж буй уран бүтээлчид оролцсон их сайхан наадам болж байлаа. Манай хоёр шавь оролцож Үүрийнтуяа тусгай байрын шагнал авч Жавхаасайхан маань нэлээн том шагнал авсан нь уран бүтээлээ туурвихад нь их урам өгсөн байх гэж бодож байгаа. Олон сайхан шавь төрүүлсөнийг минь үнэлж гавьяат багш цолоор үнэлсэн. Бүх шавь нартаа сайн сайхныг хүсье" хэмээн тэрбээр өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Мөн тэрбээр хоёр шавийнхаа өмнөөс хамтран ажилласан бүх байгууллагуудад баярласан талархаснаа илэрхийлсэн юм.
Д.Ана