Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр болно. Одоогоор УИХ-д суудалтай гурван намаас хэн хэн нэр дэвшихээр болсон нь тодорхойгүй байна. Гэхдээ хэд хэдэн хүн нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байгаа билээ.

 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "шударга бус МАНАН-гийн бүлэглэлтэй тэмцэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав ч мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийллээ. Мөн хотын дарга асан Э.Бат-Үүл нэр дэвших магадлалтай байгаа. Учир нь түүний холбогддог С.Зоригийн хэрэг шийдвэрлэгдсэн. Мөн хүү Б.Чулуудай нь өөрийн оффшор бүсэд байгуулсан компаниа аавтайгаа холбоогүй хэмээн тайлбарлаж, мэдэгдэл гаргаж, сонин хэвлэлээр цацах болсон нь Э.Бат-Үүлийг нэр дэвших сонирхол байж болзошгүй гэж хардахад хүргэж байгаа юм.

 

Өдгөө АН-д хүчтэй байгаа Шонхор фракц өөрийн хүнийг нэр дэвшүүлж болзошгүй. Тэр нь АН-ын дарга асан З.Энхболд хэмээн бичиж байна. Мөн АПУ-ын Г.Батхүү, Женко Х.Баттулга нарын нэрс яригдаж байгаа.  Нэр дэвших сонирхолтой хүмүүсийг АН-ын дотоод сонгуулиар хэлэлцэж, нэр дэвшигчийг тодруулна гэж намын дарга С.Эрдэнэ мэдээлсэн билээ. Сөрөг хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүс олон байна. Харин эрх баригчид хэнийг нэр дэвшүүлэх нь нууц хэвээр байсаар байна.
 

Олон нийтийн таамгаар УИХ-ын дарга М.Энхболдыг нэр дэвших болов уу гэж үзэж байгаа. Мөн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өндөр магадлалтай. Түүнээс гадна Шадар сайд У.Хүрэлсүхийг олон нийтийн саналыг авах магадлалтай гэж таамагт бичжээ. Ер нь бол эрх баригч намаас хэн нэр дэвших нь таамаг төдий л байна.

Харин МАХН-аас Н.Энхбаяр л нэр дэвшихгүй бол өөр хэн ч нэр дэвшихгүй гэсэн сүртэй мэдэгдэл хийгдчихсэн болохоор өөр хүмүүсийг таамаглах аргагүй болсон. Уг нь С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшчих болов уу гэсэн мэдээлэл гарч байсан. Гэвч МАХН эрс шийдмэг мэдэгдэл хийчихсэн болохоор өөр таамаг дэвшүүлэх аргагүй биз.

Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр магадлалтай эдгээр хүмүүсийн нэрс тодроод байна.