Үүл баатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа дахиад хэллээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа. Гэхдээ хэнийгээ нэр дэвшүүлэх эсэх нь манай намын сунгаагаар шийдэгдэх асуудал. Улмаар намын гишүүдийн олонх нь дэмжсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх юм.

Тиймээс ч би сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно. Ийнхүү нэр дэвших гэж байгаа маань шалтгаантай.Тэр нь улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх юм. Ер нь энэ улс төрийн тогтолцоог өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй байна. Тиймээс АИХ гэх танхимыг бий болгох, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, энэ үзэл санаагаа нийгэмд хүргэж, дэмжлэг авах шаардлагатай байна гэсэн үндсэн дээр би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсэж байгаа юм. Түүнээс биш Ерөнхийлөгчийн албан тушаал гэх мэт энгийн зүйлийг сонирхох төдийхнөөр оролцох бол надад үнэхээр сонин биш” гэжээ. Тэгэхээр Үүл баатрын хувьд Ерөнхийлөгчийн албан тушаал бол энгийн зүйл аж. Гол нь тэр реформ хийхийн тулд л тэр суудалд санаархаж байгаа аж. Үнэн бол сайн л хэрэг. Гэвч Үүл дарга маань эрх сүртэй алба хашихдаа бүтэн нэртэй бууж чадахгүй л байгаа хүн шүү дээ. Хэрэвзээ тэрбээр хотын даргын ажлыг хийгүйхэн шиг хашсан бол түүнийг Ерөнхийлөгчийн суудалд Элбэгийн оронд тавихад болохгүй юу байх билээ. Ямар Элбэг ажлаа хийсэн шиг хийж байгаа ч биш, хийх ажил зөндөө байхад.

Ямартаа ч Үүл баатар Ерөнхийлөгчид нэр дэвшихээр санаархаж буй бол өөрийг нь АТГ-аас шалгаж байна гэх мэдээллийг зүгээр үгүйсгээд байх бус албан ёсоор эцэслээд цэг тавих хэрэгтэй. Тийм үүрэгтэй. Тэгж гэмээнэ Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ ард түмнээс авах ёстой юм. Үүл баатар хэлэхдээ  “Намайг Авлигатай тэмцэх газраас шалгаагүй. Хэрэг хийгээгүй хүнийг яасан гэж шалгах вэ. Хэрэв тийм мэдээлэл гарч байгаа бол намайг чиглэсэн улс төрийн зорилготой ээлжит бохир гүтгэлэг, гүжирдлэг байна. Яг ийм гүжирдлэг яваад байхаар нь 2013 оны 10 дугаар сарын 25-нд АТГ-т өөрөө хандаж шалгуулсан. АТГ шалгаад 2013 оны 11 дүгээр сарын 21-нд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж тогтоож, албан бичгээр надад мэдэгдсэн” гэж байсан. Тэгвэл энэ удаа ч тэр өөрөө очоод шалгуулах хэрэгтэй. Хүүгийнхээ компанид хууль зөрчин тендер олгоогүй гэдгээ тэр батлах хэрэгтэй.

Хэдийгээр тэрбээр өөрийгөө хууль зөрчөөгүй гэдэг ч, түүнийг хууль зөрчсөн нь тогтоогдсон хэмээн хэлж яригсад цөөнгүй бий. Тэдний нэг бол өмгөөлөгч Р.Батрагчаа юм. Тэрбээр “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа Үүл баатрыг хууль зөрчсөнийг шүүхээс тогтоосон хэмээн ярьсан байдаг. Тодруулбал,  “Нэгдүгээрт гэвэл “Зуншин”, “Сайрам Булган”, “Грандлайн” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны гуравдугаар сарын 14-ний өдийн гэрээ бий. Гэрээ ёсоор талууд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтад хамтран оролцох зорилготой байсан. Ингээд консерциум дахин төлөвлөлтийн ажилд оролцсон. Консерциум шүү. Нэг ёсондоо дээрх гурван компанийн нэгдэл гэсэн үг. Гэтэл арбитрын шийдвэрээс цаашид энэхүү төсөлд “Зуншин”, “Сайрам Булган” ХХК нь оролцоогүй нь тодорхой байдаг. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 оны тавдугаар сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” гэсэн Захирамждаа, “Зуншин”, “Грандлайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумыг биш уг консерциумын нэг тал болох зөвхөн “Грандлайн” ХХК-ийг шалгаруулж батламжилсан. Уг нь төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах бол “Зуншин”, “Гранд лайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумыг батламжлах ёстой. Ийм л зүйл болсон байдаг юм. Өнөө консерциум хаана байна вэ. “Зуншин”, “Сайрам булган” ХХК хаана гээгдсэн бэ. Эхлээд консерциум орчихоод яг батламжилахад Брокер диллерийн компани яагаад ороод ирэв. Өөрсдөөс нь асуугаад нэг үзээрэй. Тайлбарлах хүн олдохгүй л болов уу. Үүнтэй холбоотой бас нэгэн баримт дурдах уу.

За яахав эхлээд консерциум ороод дараа нь нэг компани гэрээ хийж болдог гэж ойлгох гээд үзье. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 04-ны өдрийн А/464 дугаар захирамжаар “Гангаринвест” болон “Вишдевелопмент” ХХК-уудын түншлэл шалгарсныг батламжилж байсан түүхтэй. Ийм нь юм болоод байгаа юм. Хүчний байгуулга үүн дээр яагаад анхаарлаа хандуулахгүй байгаа нь сонин байгаа биз. Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Гранд лайн”, “Сайрам булган” ХХК-ийн хамтарсан консерциумыг биш уг консерциумын нэг тал болох зөвхөн өөрийн хүү болох Б.Чулуудайн “Гранд лайн” ХХК-ийг өөрөө санаачилж батлуулсан журмаа зөрчин шалгаруулж батламжилаад олон тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь маш олон эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм.

Ганц энэ ч биш Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дээр Э.Бат-Үүл хууль журмаа зөрчсөн олон үйлдэл гаргасан байдаг юм.

 

Үргэлжлэлийг эндээс