Өмнөх сенсааци нь хуучраагүй байхад дараагийнх нь залгадаг хачирхалтай гэмээр үзэгдэл Монголд бий. Бас сенсаациас сенсааци төрдгөөрөө сонирхолтой.

Хэвлэлийнхэн анзаараагүй өнгөрөөв үү, эсвэл “албаар” орхив уу гэмээр үйл явдал саяхан болж өнгөрөв. Тэр нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн байгууллагын хувьд өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэл. Мэдэгдэлд УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэх Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

2016 оны арванхоёрдугаар сарын 21-27-ны өдөр анхан шатны, 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу хаалттай хийж, шүүхийн шийдвэрүүд гарлаа. Энэ хэргийн шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсгийн дагуу шүүхийн шийдвэр эцсийн болоогүй байна.

Үндсэн хуулийн 49.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21.1 дэх хэсэгт аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тул эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаатай холбоотой эрх зүйн хийдэл, нийцэлгүй зохицуулалт байгаа, түүний улмаас хүний эрхийн хамгаалалт, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгаа бол уг асуудлыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдэх ёстой. Гэтэл зарим улстөрч, албан тушаалтан, иргэн уг хэргийн тухай хувийн тайлбар, дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй хууль зөрчсөн үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна” гэжээ.

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсен сарын 14-нд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Үүний дараа буюу гуравдугаар сарын 22-нд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн уг хэрэгтэй холбоотой ярилцлага өгсөн билээ. Тэрбээр “Ерөнхийлөгч тухайн нууцын зэрэглэлд хамруулсан хэрэг материалаас тодорхой баримтыг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг олгосон байгаа. 1998 оны аравдугаар сарын 2-нд гэмт хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарч явуулсан. Энэ ажиллагааны үр дүнд маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-нээс яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр гэнэт илэрсэн биш 18 жилийн хугацаанд шалгаж, цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа ийм л байдал юм” хэмээгээд тухайн хэргийн нууцын зэрэгэллээс гаргасан гэх С.Зориг агсны гэргий Б.Булганы хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбар, яллагдагч нар хэргээ хүлээсэн тухай хэд хэдэн видео бичлэг дэлгэсэн.

Үүнээс нэг хоногийн дараа нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргал С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой хэд хэдэн баримт нэмж дэлгэснээр улс төр, нийгмийн хүрээнд дахин асуулт хөврөх болсон билээ. Улмаар энэ хэрэгтэй холбогдуулж хэд хэдэн улстөрч, хуульчид өөрсдийн байр суурийг илэрхийлж, дүгнэлт хийсэн байдаг.

Гэтэл нийслэлийн прокурорын байгууллагын хоёр ч албан тушаалтан хэргийн үйл явцтай холбоотой нотлох баримт, материалыг хэсэгчлэн олон нийтэд цацсаны дараа ямар нэгэн тайлбар хийгээгүй атлаа бусад нь байр сууриа илэрхийлж эхлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс барим тавин мэдэгдэл гаргасны цаад шалтгаан юу байв гэдгийг Н.Лүндэндорж даргаас асуумаар байна. Эсвэл прокуророос мэдээлэл хийхээр шүүхэд нөлөөлдөггүй, бусад нь хийхээр нөлөөлдөг болчихсон юм уу. Тэгээд ч хэргийг эцэслэн шийдээгүй, Улсын дээд шүүх ялтнуудын гомдлыг хэлэлцээгүй байхад прокурор, улсын яллагчийн зүгээс баримт дэлгэж, яллах дүгнэлтээ зөвтгөж суугааг юу гэж ойлгох вэ, Н.Лүндэндорж дарга аа. Яаж ч харсан тэдний энэ үйлдэл шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого биш гэж үү. Тэр үед та яагаад дуугарсангүй вэ. Уг нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Н.Лүндэндорж дарга та байлтай.

Шүүх хурал гэдэг бол улсын яллагчийн зүгээс ялын дүгнэлтээ, өмгөөлөгч цагаатгах талаас байр сууриа хамгаалж хуулийн өмнө тэгш эрхтэйгээр хоорондоо мэтгэлзэх процесс. Харин эдгээр үйл явцыг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч бүхэлд нь дэнсэлж, эцэстээ зөвлөлдсөний үндсэнд хуулийн талаас нь шийдвэр гаргадаг. Нэг үгээр хэлбэл, шүүгчид хар цагааныг дэнсэлж, хэрэг маргааныг шүүн тасалж, хүний хувь заяа, эрх эрх чөлөөтэй явах үгүйг Монгол Улсын нэрийн өмнөөс шийддэг. Тиймдээ ч “Шүүгч бол ярьдаг хууль, хууль бол хэлгүй шүүгч” хэмээн нэрийддэг. Гэхдээ шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх хуультай. Шүүх нь шүүгчдээс бүрддэг. Шүүх өөрөө ардчилсан засаглалын тулгуур гурван баганын нэг бол, шүүхийн тулах цэг нь шүүгч. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийг шүүх хийгээд шүүгч хэрэгжүүлнэ. Гэтэл хяналтын шатны шүүх хурал болоогүй байхад улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтээ хамгаалан улс даяар удаа дараа ярьж, шүүхэд, шүүгчид нөлөөлөх гэж оролдож буйд Шүүхийн ерөнхий зөвлөл, Н.Лүндэндорж дарга өнөөдрийг хүртэл яагаад тайлбар хийхгүй явна вэ. Эсвэл энэ бүгдийн ард таны томоохон эрх ашиг нуугдаж байна уу. Угтаа бол алагчилдаггүй, шударга шүүхтэй болох нь ардчилсан засаглалтай байхын адил нийгмийн захиалга, ард түмний хүлээлт баймаар.

 

С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/