-Энэ цаг үед хамгийн ихээр анхаарал татаж буй “Дараагийн Ерөнхийлөгчөөр хэнийг сонгогдоосой гэж хүсч байна вэ” гэх асуултын хариуд Н.Энхбаяр нэгээр гарч, Р.Амаржаргал удаалж байна-

Төрийн эрх барьж буй, тэр дундаа үнэмлэхүй олонх болсон улс төрийн намын нэр хүнд худалч хүнд ердөө сонгуулийн маргаашаас эхлээд л доош урууддаг нь бараг зүй ёс. Иргэд өөрсдөө тэрхүү сонголтыг хийсэн атлаа түүндээ сэтгэл ханадаггүй төдийгүй шууд л шүүмжлээд буруутгаад эхэлдэг. Үүнтэй зэрэгцээд өнөө “жийж” орхисон сөрөг хүчнийхээ талд гарч, сайшаан дэмжиж эхлэх нь мөн л жам ёс бөгөөд олонхид хяналт тавих зөв совин нь биз ээ. Энэ жишгээр сонгуулиас хойшх жилийн хугацаанд сонгогчид сөрөг хүчний лидерүүдийг үгүйлж эхэлсэн нь саяхан нийтэд цацагдсан судалгааны дүнгээс харагдана.
Улстөрчдийн чансааг тэргүүлж буй топ-10 жагсаалтад эрх баригчдаас илүүтэй сөрөг хүчний лидерүүд жин дарсан байгаагаас сонгогчдын сэтгэл санаа “жам ёс”-оор эргэсэн нь тодорхойлогдоно. Эрх баригч намын лидерүүдээс эхний аравт Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, тэрчлэн МАН-ын дарга М.Энхболд долоодугаарт эрэмбэлэгджээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, хэт туйлширсан үзэл бүхий улстөрчдөд тооцогдох С.Жавхлан, С.Ганбаатар, Б.Жаргалсайхан нар эрх баригчдын зэрэгтэй эрэмбэ өндөр яваа бол Ардчилсан намаас гурван хүн эхний 10-т жагсч байна. Энд нэр дурдагдсан 10 хүнийг иргэд “Монголын улс төрийн амьдралд чухал нөлөөтэй оролцоосой” гэж хүсч байгаа бол “улстөрчдийн рейтинг” гэх жагсаалт үүнээс тусдаа гарсан байх юм. Улстөрчдийн чансааны жагсаалтаар эхний 10-ыг С.Жавхлан тэргүүлж, Ардчилсан намаас дөрвөн ч улстөрч түүний араас жагссаныг Р.Амаржаргал тэргүүлж байна.
харин энэ цаг үед хамгийн ихээр анхаарал татаж буй “Дараагийн Ерөнхийлөгчөөр хэнийг сонгогдоосой гэж хүсч байна вэ” гэх асуултын хариуд Н.Энхбаяр нэгээр гарч, Р.Амаржаргал удаалж байна. Эрх баригчдыг муу ажилласан гэж иргэд үзэхгүй байгаа нь судалгааны олон хариултаар нотлогдох атлаа “сөрөг хүчнийг” хүсэмжилж буй нь чухамдаа “дараагийн Ерөнхийлөгч хэн бэ” гэх асуултаар илэрч байх аж.
УИХ-д ганц хүүтэй ноён болох Н.Энхбаяр төрийн ордны гадна гараад удсан. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд зарим үед АН-ын засагт ганц, хоёр суудал авч явсандаа “сүр хүч” нь оршиж байсан МАХН өдгөө хэлгүй, хөлгүй болтлоо тарамдсан. Энэ бүхнийг тооцоолоод Н.Энхбаярыг “эс тоолоо” гэхэд ирэх сонгуульд Ардчилсан нам Р.Амаржаргалаар нүүдэл хийж “бэрс” гарах бололцоо харагдаж байна.



Ардчилсан намын чансааг энэ удаад аварч гарсан Р.Амаржаргал сүүлийн сонгуульд нэр дэвшээгүй, сонгуулиас өмнө ч нам дотроо “сөрөг хүчин” шахуу болж, дуу шуу багатай явсан гэхэд чамгүй дэмжлэгтэй байгаа хэрэг. Ардчилсан намаас нэр дэвшихээ нэлээн эрт зарлаж, сурталчилгаагаа өндрөөс эхэлсэн Н.Алтанхуяг, “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгч болсон Х.Баттулга, улсын баатар Э.Бат-Үүл нараас түүний чансаа илүү байна.
Ардчилсан намаас нэр дэвшихээр яригдаж буй лидерүүдийн зарим нь сурталчилгаагаа ил далд, нулимстай нулимсгүй эхлүүлсэн яваа. “Дуутай тэнгэр бороогүй” гэдэг шиг сурталчилснаараа бол өдийд тэд өндөрт нисч явах учиртай ч тэгтлээ дээгүүр давхисангүй. Ажиг сураг багатай, арын эгнээнд яваа Р.Амаржаргалыг АТГ-ын үүднээс амьд бичлэг дамжуулсан Н.Алтанхуягаас ахиу үнэлсэн нь нэгийг хэлнэ.
Өнгөрсөн хугацаанд өөрийн намаа ч, намтраа ч баллаад орхисон улстөрчид өдгөө “өндөг шиг өөгүй” нэгэн мэт аашилж яваа ч худлаа ярьсан, хулгай хийсэн хүнийг монголчууд анддаггүй. Аман дээрээ “аан за” гэх атлаа андуурдаггүйгээ сонгуулийн дүнгээр шуудхан хэлж орхидог сонин хүмүүс. Сонгуулиар нэр дэвшээд ч мандат авч чадаагүй улстөрчдийг сурталчилгаа сайтай ч хойш нь шидэж байгааг саяын судалгаа санууллаа. Ардчилсан намаас түүхэндээ ийм олон горилогч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр яригдаж байсан удаагүй. Энэ жилийн хувьд бараг арваад хүн нэр дэвшихийг горилж байна. Хүчтэй хувь улстөрч, лидерүүд олонтойгоо Ардчилсан нам харуулж байгаа ч энэ нь айхавтар ширүүн тулаан үүсч магадгүйн дохио. Учир нь Ардчилсан нам арваад горилогчоос нэгийг нь л өөр дотроо сонгон гаргаж ирнэ. Асуудал “ард түмэнд аль нь илүү таалагдаж байгаа”-гаар биш Ардчилсан намынханд хэн нь илүү харагдаж байгаагаар л шийдэгдэхдээ гол учир нь оршиж буй.