Валютын сан МАН-ын бамбай болж хувирав уу?
2017/04/13
Нэг үе дэмжсэн кнопыг баруун солгойгүй бялууртал нь дардаг байсан олонхийн бүлэг хаврын чуулган эхэлснээс хойш сөрөг дүрд хувирав. Учир нь төсвийн тодотголыг шүүмжилсэн сөрөг хүчний гишүүдийн саналыг олонхиороо хүч түрэн унагаах ажилтай болсон нь энэ.
Хаврын чуулганы хамгийн эхэнд төсвийн тодотголыг оруулсан. Тэр хэрээрээ эдийн засгийн эгзэгтэй үед улс орны эрх ашгийг томоор харах онцгой үүргийг энэ парламент гүйцэтгэж байгаа юм. Гэвч олон улсын валютын сангийн шахалт, шаардлагад нийцүүлэн тодотгож буй төсөвт ард түмний халаасыг тэмтэрсэн цөөнгүй заалт орж буйг сөрөг хүчин төдийгүй олон нийт, салбар бүрийн мэргэжилтнүүд ч хэлж эсэргүүцэж байна.
Тодруулбал, архи, тамхи, автобензин, дизель түлш, суудлын автомашины онцгой албан татвар нэмэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар заасан юм. Мөн хүүхдийн мөнгийг хасч зорилтот 40 хувьд олгож, 2019 онд нөхөн олгохоор байснаа больж байгаа юм. Энгийн жишээ хэлэхэд, нэг сая гаруй хүүхэд байгаагийн ихэнх нь тэтгэмжийн мөнгөө авахгүй, бизнес эрхлэгчид татварын дарамтад гүнзгий орж, Сангийн яамны тооцооллоор ард түмний олонх нь унадаг приус машины гаалийн татвар хамгийн багадаа 375 мянган төгрөгөөр нэмэгдэх нь. Гэтэл ард түмний халаас руу өнгийсөн дээрх заалтуудыг эсэргүүцсэн гишүүдийн өмнөөс “валютын сангийн болзол” гэсэн гурван үг хэлээд л амыг нь таглачихна. 65-ын өмнөөс есүүлээ сөрж байгаа АН-ын гишүүд яаж ч эсэргүүцээд үр дүнд хүрсэнгүй. Хамгийн хачирхалтай нь МАН-ын гишүүд валютын сангийн нэрээр бамбай хийхдээ сонгуульд өрсөлдөхдөө амласан хүүхдүүдийг ялгаварлахгүй, татварыг нэмэхгүй гэсэн бодлогоо бүр мөсөн гишгэлж орхилоо. Мөн саяхан улс орон даяар “Хямралын үед төр бүсээ чангална” хэмээн зарлаж байсан Ерөнхий сайдын үг хаачив. Бас л валютын сангийн болзлын цаана нуугдчихлаа. Төсвийн тодотголоор хүүхдүүдэд өгдөг 200 тэрбумыг хасч, сайд нарын багцаа 404 тэрбум төгрөгөөг нэмэгдүүлээд оруулаад ирсэн байхад МАН-ын гишүүд юу ч болоогүй мэт сууж байна.
Түүнчлэн Төсвийн байнгын хорооны дарга нь хүртэл “АН-ын гишүүдийн гаргасан татвар нэмэхгүй гэсэн саналыг унагаана шүү” гэдгээ ил тод хэлж гишүүдээ лоббидож эхлэв.
Хүүхдийн мөнгийг хасч зорилтот бүлэгт өгөхөөр валютын сантай тохиролцсон учраас яаж ч хичээгээд нэмэргүй гэдгийг Сангийн сайд өдөр бүр хэлж байна. Тэгвэл валютын сантай хэлэлцээр хийж байхад салбарын яам, Хүүхдийн төлөө гэж цээжээ дэлддэг байгууллагууд хаана юу хийж байв. Өрхийн амьжиргаа тогтоох судалгаа нэрээр 4.5 тэрбум төгрөгөөр хүүхдүүдийн баян, ядууг ангилахдаа 23 хуудас ажлын тайлан бүхий өнгөт сэтгүүлийг айл бүрт 4-5 ширхэг тарааж байгаа нь төсвийн мөнгийг хэр үрэлгэн зарцуулж байгааг харуулж байна.
Түүнчлэн төсвөөс 52.4 тэрбум төгрөг хэмнэхийн тулд Цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн зарим заалтыг буцааж, цэргийнхний нийгмийн хамгааллыг дордуулах хэрэг байв уу. Ер нь эндээс харахад парламентын олонхийг бүрдүүлж буй шинэ гишүүдийн суралцах дамжаа дуусаагүй бололтой. Аливаа хуулийн төсөл, хөтөлбөрийн талаар хэвлэлийнхэнд ярих тун дургүй. Зарим үед уншиж судлаагүй, бүлэг дээр байр сууриа нэгтгээгүй гэдгээ хэлж байх шиг. Тэгсэн мөртлөө зурагтын камер харахаараа “хөөрхөн” болох хоббитой. Ийнхүү МАН олонхоороо хүч түрэн төсвийн тодотголыг батлах гэж байна. Гэхдээ чуулганы танхимд олонхын хүч түрэлтийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж байгаа зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Төсвийн орлогыг бүрдүүлэх бүх боломжийг ашиглаагүй эрэлхийлээгүй байж иргэдийн цалин, хадгаламжийн орлогод татвар ноогдуулах гэж байгаа нь буруу. Төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг хангалттай хийж чадаагүй. Газар эзэмших эрх, газрын лиценз гээд нийгмийн баялгийг эзэмшиж байгаа мөртлөө татвар ноогддоггүй орлогыг ил болгох ажил харагдахгүй байна. Татварын бус орлогуудын хувьд өмч хувьчлал, навигаци гэсэн хоёр том орлого алга. Энэ мэтээр бүх орлогуудаа чинээнд нь тултал хийгээд гарцаагүй тохиолдолд иргэдийн орлого руу орно уу гэхээс шууд ингэж дайрах нь буруу.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Төсвийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж батлах ёстой. Приус машины татварыг тэг байсныг татвартай болгож байна. Приус машины зах зээлийн үнэ 3-30 сая төгрөг. Татварууд нь нэмэгдэхээр машины үнэ дагаад нэмэгдэх юм байна. Приус машин тэртусмаа цахилгаан эх үүсвэртэй эко машиныг бусад улс оронд татварыг нь хөнгөлж урамшуулж байгаа. Гэтэл яагаад бид бусад улс орны жишгийн эсрэг яваад байна вэ. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орж болох ч бусад улсын жишгийн дагуу явах ёстой.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Зарим хүмүүсийн төсөв барьж байх үеийнх шиг энэ төсвийг дампууруулахгүй. Тэр үеийн алдаа дутагдал, бурууг засах гэж оролдож байна. Сайд нарын зардлыг бууруулахыг яагаад гишүүд дэмжихгүй байна вэ. Хүүхдийн мөнгийг хасч оруулж ирж байгаа хэрнээ сайд, дарга нарын зардлыг хасахыг дэмжсэнгүй. Бүгдээрээ ичиж амьдрах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Валютын сангийн шахалтаар санхүүгийн өөрчлөлт хийхээр зүтгэж байна. Төсөв санхүүгийн тоо баримтууд сүүлийн зургаан сарын хугацаанд гурван удаа өөрчлөгдлөө.Төсвийн дутаж байгаа орлогыг гадныхны даалгавраар ард түмний халааснаас авахын төлөө явж байна. Хүүхдийн мөнгийг хасахгүй шүү гэж гараа өргөж гарч ирчихээд одоо эсрэгээрээ ярьж байна. Хүүхэд элэг бүтэн байх нь чухал уу, сайд нар том хар машин унах нь чухал уу. Онцгой албан татварын 50 хувийг приус машинаас авна гэдэг дансны аргаар идэж байна. Түгээмэл ард түмний унааг татвараар цавчиж унагаах хэрэггүй.
С.Уянга
irgen · 2017/04/13
MAN icheech ta nar, ter valutiin sangiin tavisan bolzol bolgoniig hyleen zovshooroh estoi bish shyydee malnuud mini,,,ooriin ornii nohzol baidalaa anhaaraach, yaduu ard tymen chin mongol ulsiin toloolol gedgiig martaj baigaa ta nart uls oron udirdah bolomj alga,,,,Byreldhyyneeree ogzorvol taarna. Herev ingej gadnii noloond orj eh oron ard tymnee doromjilvol ta nart dahiad tord garah yamarch yndes baihgui gedgiig sana………………………..