Монголчуудын ирээдүй зөвхөн Монголчуудаас хамаарна. Монголчуудад аврагч хэрэггүй. Монголчууд өнгөрсөн түүхэндээ бүтээсэн зүйлтэй, дуурсах алдартай хойч үедээ ярих түүхтэй ард түмэн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Хэзээ ч Монголчууд, хэнээс ч тусламж гуйж, бусдад бялдуучилж яваагүй. Аль нэг хүчтэй орны нөмөр нөөлгөнд орж бусдыг муучлан амь аврагдах арга Монголчуудад шаардлагагүй. Яагаад гэвэл ийм жижиг улс төр хийх явдал угаасаа Монголчуудын уламжлалт улс төрийн бодлого биш. Монгол үндэстний онцлогт ч нийцэхгүй. Монголын улс төрийн ирээдүй бол Монголын үндэстний төлөө улс төр байх болно.

Монголчууд өөрсдийн онцлогт нийцсэн улс төрийн тогтолцоог сонгон, хөрш орнуудтайгаа энхийн бодлогоор харилцан уламжлалт улс төрийн бодлогоо үргэлжлүүлэх болно.
 
Монгол гэдэг энэ нэрийг зүүж байгаа сая сая хүний итгэл найдварыг тээж буй үндэстэн учраас бидэнд жижиг улс төр, даруу бодлого зохимжгүй. Монголын асуудал том учраас том улс төр хийхээс өөр гарах гарц үгүй. Монголчуудын түүх амжилт бүтээл байсан ч мөн хажуугаар нь алдаа дутагдал, нугалаа байсныг мартаж болохгүй. Яагаад хүн, яагаад улс алддаг вэ гэхээр мэдэхгүйгээс л болдог. Үнэнийг мэддэг, хэлдэг оюуны хүмүүсгүй учраас алдаа гаргаж, бусдад молигодуулдаг. Тиймээс л улс орон хөгжье гэвэл мэдлэг боловсролыг дэмжих хэрэгтэй. Тиймээс ч Монголын улс төрийн ирээдүй мэдлэгт суурилах учиртай.
 
ОРОСУУДЫН “ТУС”, АМЕРИКЧУУДЫН “АМ”
 
Монголчууд Орос тэргүүтэй бусад социалист улсуудтай хамт мөр зэрэгцэн социализмыг байгуулахын төлөө явж олон ч зүйлийг бүтээсэн. Монголчуудын социализмын 70 жилийн түүх бол Оросуудын далбаан доор, колони байсан бус харин одоогийн Европын холбоотой адил Зөвлөлтийн Холбооны нэг гишүүн орон байсан. Бид Зөвлөлтийн Юнион (Soviet Union) ЗХУ-гэж буруу орчуулж, түүнийгээ зөвхөн Оросоор төсөөлөөд байдаг талтай юм. Ази Европын олон орнуудын хамтын Холбоо байсан юм.
 
Монголд зөвхөн ОХУ тусалдаг төдийгүй мөн Баруун Герман, Унгар, Чех, Беларус, Полш гээд социалист ах дүү орнууд туслан дэмжиж байснаас бус монголчуудыг устгах, сул дорой байлгах бодлого байгаагүй юм. Харин үүний дараа сүүлийн 22 жил Монголчууд Америкчуудаар заалгасан. Тэднийг яг л Оросууд болон социалист орнуудын бидэнд тусалж, харьцсан шиг харгүй сэтгэлээр итгэсэн. Тэдний хэлсэн бүгд үнэн, зөв гэж үнэмшсэн. Харамсалтай нь гадны зөвлөгч гэсэн нэртэй нөхдүүд Монголчуудтай яг л дээрэмчин шиг харьцсан. Оросууд зөвлөж тусалсан бол Америк болон барууныхан Монголчуудын онцлогийг үл харгалзан тулгалтуудаа хийж, доройтуулсан. Тэдний тулгалт Монголчууд ямар болгосныг өнөөдрийн амьдрал гэрчилнэ.
 
Тэд юу ч бүтээсэнгүй бас юуг ч нэмсэнгүй. Харин хийсэн бүтээсэн зүйлсийг устгаж монголчуудын амьдралыг ядууруулан туйлдуулсан. Тэдний гар хөл болсон өөрсдийгөө “ардчилагч” гэх эрх баригчид Монголын ард түмний эсрэг том гэмт хэрэг хийсэн. Хариуцлагаа хүлээх ёстой. Чөлөөт ардчилал, хязгаарлагдмал оролцоотой төр, чөлөөт зах зээлийн эдийн засаг, төр эдийн засагт оролцохгүй байх гэх мэт “ардчиллын зарчимууд” Монголчуудын онцлогийг харгалзан үзсэн үү, өөр сонголт байгаагүй юм гэж үү?
 
Америкчууд Монголчуудыг дэндүү дорд үзэж нөгөө л Африкийн, Азийн, Латин Америкийн улсуудтай л адил харьцсан. Монголчууын юу бүтээж байсан, хэрхэн аж төрдөг, ямар зан чанартай гэдгийг ч үл хайхарсан. Тэд Монголчуудыг хэн гэдгийг таниагүй. Ерөөсөө асуугаачгүй. Эцэст нь Монголчууд туйлдсан. Замбараагүй байдал ч бий болж улмаар төр олигархиудын гарт орж өнөөдөр хамтран Монгол орныг минь ид дээрэмдэж байна.
 
Америкчууд болон Барууныхан бас зааж, мэдэмхийрэх дуртай. Монгол орныг ардчиллын зам руу ороход нөгөө хүмүүнлэг, ардчилсан гэх барууны орнууд ирээд “та нар өөрсдийн онцлогт тохируулан ардчиллыг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн зөвлөсөн билүү. Харин үүний эсрэг Монголчууд та нар бүх өмчөө хувьчил, хилээ нээ, эдийн засгаа чөлөөл хэмээн зөвлөсөн. Энэ бүхэн Монголчуудад ямар их гай зовлон, хохирол авчирсаныг харж байгаа. Монголчуудын амьдралыг хотын төвийн хэдэн өндөр байшингаар дүгнэж болохгүй. Монгол хүн хэрхэн амьдарч байгаа харъя гэвэл гэр хорооллуудаар явж үзэх хэрэгтэй. Тэнд ардчиллын 20 жилийн дараа монголчуудын амьдрал ямар их доройтсоныг бодитоор харж болно. Буруутан нь хариуцлагаа хүлээх ёстой.
 
БҮТЭЭСЭН ЗҮЙЛТЭЙ ҮНДЭСТЭН
 
Гадны зөвлөгч мэдэмхийрэгчдэд хандан Монгол хүн хэлж байна: “Монголчууд боолчлолын зовлон амссан Африкуудтай адил биш шүү. Битгий дутуу үнэлээрэй. Колончлолын зовлон үзсэн Латин Америкчуудтай мөн адил биш шүү. Битгий эндүүрээрэй. Монголчууд бол урт түүхтэй ард түмэн. Түүхэндээ юу бүтээж байсныг хүн төрөлхтөн мэднэ. Монголчуудын түүхийг ярихгүйгээр хүн төрөлхтний түүхийг ярих ямар ч боломжгүй. Монголчууд хэзээ ч боол байж үзээгүй, хэзээ ч колончлолын зовлонг амсаагүй. Монголчууд чөлөөтэй байхыг хэзээд эрхэмлэдэг ард түмэн. Хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй Евро-Азийг холбосон эзэнт гүрнийг Монголчууд байгуулж байсан. Монголчуудын байгуулсан эзэнт гүрэн хүн төрөлхтөнд энх тайвныг авчирч, үндэстэн бүр өөрийн шашин шүтлэгээ шүтэж, өөрсдийнхөөрөө амьдрахыг зөвшөөрч байсан. Монголын эзэнт гүрний үеийн түүх, домгийг дэлхийн хаанаас ч бэлээхэн сонсож болно.
 
Дэлхийн хаана л болон Монголчуудтай холбоотой домог түүхийг ярьж, дурсгалт зүйлийг үзэж болно. Монгол гэдэг нэгэн үндэстэн дэлхийн хамгийн том эзэнт гүрэн оршин тогтнож байсан 200 жилийн турш хүн төрөлхтний соёл, мэдлэг, технологи Дорноос Өрнө рүү шилжсэн юм. Энэ бол Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан гавъяа.
 
Монголын Эзэнт Гүрэн гэсэн тэр том дэлхийн систем задран унаснаар дэлхийн хаа сайгүй Монголчууд тарсан. Дэлхий дээр Монгол гаралтай хэдэн сая хүн байгааг хэн ч одоо хүртэл тооцоолж тоолж гаргаагүй байна. Өвөр Монгол, Тува, Буриад, Татар, Халимаг, Аймак, Хазар Монгол, Цагаан Монгол, Дээд Монгол, Хөх Нуурын Монгол, Юнань Монгол зэрэг “Монгол” нэрийг тээж, Монгол соёлыг хадгалж байгаа олон Монголчууд дэлхий даяар тархан суурьшиж байна. Монголчуудын асуудал бол дэлхийн асуудал учраас дэлхийн асуудал бол Монголчуудын асуудал байх болно. Эртний Монголчууд “Асуудал биднийг сонгодог юм. Харин бид түүнийг даван гарах аргыг нь сонгодог юм”хэмээн ярьдаг байсан гэдэг. Монголчууд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л шийднэ. Монголчуудад заах гэсэн, сургах гэсэн зөвлөгч нар хэрэггүй. Одоо Монголчууд мэдлэгтэй болсон. Мэдлэгээ хэрэглэж чаддаг болно. Монголчууд юу хийж бүтээж байсныг хүн төрөлхтөн мартаагүй санаж байгаа. Одоо Монголчуудыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө юу сайн зүйл бүтээхийн харж байна. Монголчуудад итгэ, найд. Монголчууд чадна.
 
МОНГОЛЫН ОНЦЛОГТОЙ АРДЧИЛАЛ
 
Агуу түүхийн санамж Монгол хүнийг тайван суулгахгүй байна. Тиймээс Монголчууд дахин босож ирэх цаг нь иржээ. Үүний тулд Монголчууд өөрсдийн амьдрал, зан заншил, газар нутаг, цаг агаарын онцлог, эрхлэх аж ахуй, соёлоо харгалзан үзэж ардчиллыг хөгжүүлэх шаардлагатай. Бидэнд тулгасан чөлөөт зах зээлийн эдийн засаг Монголчуудыг гуйлгачин бас аминчхан болгосон. Маркс хувийн өмч хүнийг шуналтай аминчхан бас тэнэг болгодог шүү хэмээн анхааруулаад байсны баталгаа бол сүүлийн 20 жилийн түүх.
 
Чөлөөт ардчилал нь Монголчуудыг ёс суртахууны хувьд эвдэж хамтаараа хөдөлмөрлөдөг, хамтаараа амьдрах эрхэм зарчмыг устгаж олигархийн тогтолцоог монгол оронд бий болгосон. Их мэдэгч гадны зөвлөгчид үүнийг мэдэж байсан. Тэд Монголчуудыг тэнэг гэж боддог бөгөөд одоо хүртэл хуурсаар л байна. Дахин үргэлжлүүлэн хуурна гэж мөрөөдөж байгаа. Харамсалтай нь Монголчууд мэдлэгтэй болсон. Та нараар заалгамааргүй байна. Гэртээ харьцгаа гэж зөвлөмөөр байна.
 
Их мэдэгчид ирээд та нар “өөрсдийн үндэстний онцлогтоо тааруулаад ардчиллыг хөгжүүл” гэсэн бол бүх зүйл өөрөөр эргэх ёстой байсан. Одоо Монголчууд өөрийн үндэстний онцлогт тохирсон ардчиллыг сонгон авч хэрэгжүүлэх цаг нь иржээ. Монголчуудын эрхлэх аж ахуй, амьдралын онцлог нь өөрөө хамтын зарчим дээр үндэслэдэг. Бүхий ажлаа айл саахалтаараа хамтран хийж, бие биенээ дэмжин амьдардаг. Тиймээс өнөөдрийг хүртэл бидэнд тулгасан “чөлөөт ардчилал” болон “чөлөөт эдийн засаг” бидний онцлогт тохирохгүй. Тиймээс Монголчууд “хамтын ардчилал” болон “хамтын зах зээлийн засаг”-ийг хөгжүүлэх ёстой. Энэ бол Монголчуудын улс төр, эдийн засгийн ирээдүй байх болно.
 
Товчхон хэлэхэд Монголын улс төр консерватив үзэл баримтлал бүхий барууны, социал демократ үзэл баримтлал бүхий зүүний хоёр намтай байх нь илүү тохиромжтой болов уу.
 
ТӨГСГӨЛ:
 
Монголчуудад аврагч хэрэггүй бас мэдэмхийрэн заагч ч хэрэггүй. Монголчууд бол хүн төрөлхтний түүхэнд хийсэн бүтээсэн зүйлтэй ард түмэн шүү. Тиймээс бидэнд заах гэж битгий оролд харин хамтран ажиллаж болно. Монголчуудад итгэ найд. Монголчууд чадна.
 
Бичсэн Б.ГАНСҮХ