Оффшорын эсрэг хуулийг хэлэлцэхэд хэн юу хэлэв
2017/04/14
УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй зарим саналаар санал хураалт явуулж, хуулийн төслийг олонхийн саналаар буюу 74.1 хувийн саналаар баталлаа. Энэхүү хууль нь ХОМ мэдүүлдэг төрийн 37942 албан хаагч болон тэдний гэр бүл үр хүүхэд хамаатан садан төрөл төрөгсөд нэгдмэл зорилго бүхий этгээдүүд бүгдэд /урьдчилан тооцоолж буйгаар 400 гаруй мянган хүн/ хамаарах юм. Үүнтэй холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэхэд багагүй асуудал үүсч болзошгүй талаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлж байсан юм.
О.Баасанхүү: Панамын гэнэ үү нэг баримт яриад байх юм. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байх юм. Үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйлээ хадгалж нууж болохгүй ээ, түүнийгээ мэдүүл гэсэн хууль мөн үү. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр хэрэггүй зүйлүүдээ хасах хэрэгтэй. ХОМ-ын асуулт, хүснэгт өөрчлөгдөх үү. Миний эхнэр, хамаатан өөрийнхөө шугамаар шударгаар мөнгө олбол оффшорт мөнгөө хадгалуулж болохгүй юм байна тиймүү? Хэн нэгний хамаатан болснооороо хариуцлага хүлээх болж байна уу. Үндсэн хуультай хэр нийцэж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: ХОМ-ын маягтыг шинэчлэх ажлыг хийж, Хууль зүйн байнгын хороо хариуцаж шинэчилнэ. Оффшортой холбоотой харилцаанд хягзаарлалт хийхгүй бол панамын болон олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн зүгээс дэлгэсэн баримтад төрийн албаныхан болон тэдний хамаарал бүхий хүмүүс цөөнгүй байсан. Иймээс энэ зохицуулалтыг хийсэн.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2013 онд өргөн баригдсан хуулийг ЗГ дахин өргөн барьж эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ажлын хэсэгт ажилласан хүмүүс нилээдгүй сайн ажиллаж хичээлээ. Төрийн байгууллагууд хамтран ажиллаж байж оффшортой тэмцэнэ. Мөн гадны мөрдөн шалгах байгууллага болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байж оффшортой тэмцэж чадна гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Хамаарал бүхий хүн гэдэгт хэдэн хүн орох вэ? 100 мянгаас хол давах уу. Төрөл садан, найз нөхдийг шалгаж чадах уу. Хүчин чадал байгаа юм уу? Ямар ч үр нөлөөгүй юм болох вий дээ?
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 39 мянган хүний хэн нь хэдэн хамаатан садантай гэдгийг тодорхой гаргах боломжгүй. ХОМ-ээ мэдүүлж байгаа албан тушаалтан өөрөө хамаатан садан нь оффшорт мөнгөө хадгалуулсан эсэхээ мэдүүлж байх ёстой гэж хуулийн төсөлд тусгасан.
УИХ-ын гишүүн Дамба-Очир: Д. Оффшорын хуулийг батлах нь зөв гэж бодож байна. 39 мянган хүн хамаатан садныхаа оффшорт данстай эсэхийг мэдээлэхэд багагүй ажилтай л даа. Хүрээг нь хумих боломж байгаагүй юм уу. Ах дүүг хамаатуулж болно. Найз нөхдийг нь хамаатуулахгүй байж болоогүй юу. Авлигатай тэмцэх газар ажлаа дийлэхгүй юм болох вий дээ.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Энэ хууль бол маш маргаан дагуулсан хууль болох байх. Гадуур ард иргэдийн яриад байгаа. Монголчууд хоорондоо уулзахдаа хүртэл “оффшортон” царайлчихаад гэж байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: АТГ, Тагнуулийн ерөнхий газар, Монголбанкны удирдлагуудад “17 тэрбум төргөр оффшорт байгаа гэдэг мэдээллийг хэн хаанаас гаргасан юм, үнэн худал эсэх гэдэгт эцсийн цэг тавьж хариу өгөөч ээ” гэж хандаж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: МУ-ын эдийн засгаа бодож байгаа хүмүүсийн хувьд энэ хууль ямар ч хэрэггүй. Ц.Мөнх-Оргил сайдаас асуухад бусад улстай харилцах харилцаанд эдийн засгийн болоод улс төрийн харилцаанд сэв суух уу. МУ-ын эдийн засагт ач холбогдол байгаа вэ.
УИХын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил: Бусад орнуудтай харилцах харьцаа, харилцаанд өөрчлөлт орохгүй. Тэдгээр улсуудад төрийн албан хаагчид данс эзэмшиж болохгүй л гэж байгаагаас биш харилцахгүй, худалдаа хийхгүй гэж байгаа биш харилцаанд сэв суухгүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хийрхэл, хэт их улстөржилт юунд хүргэж болдгийг энэ хууль бодитой жишээ болж харагдаж байна. Өнөөдрийн ярилцаж байгаа асуудлуудыг өнгөрсөн оны 10 сард хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үед л хэлэлцэж байсан шүү дээ. Хэлэлцэх эсэхийг хэлэлцээд ЗГ-аас өргөн барьснаар буюу 37942 төрийн албан хаагч хамрагдана гэж орж ирсэн ч оффшорчдыг УИХ, ЗГ хамгаалж байна гээд нийгмийн давалгаа үүсгээд тэрэнд нь улстөрчид шахагдаад 37942 төрийн албан хаагчид болон тэдний эцэг эх, эхнэр нөхөр, хамаатан садан нэгдмэл сонирхолтой этгээдүүд гээд нэмээд оруулж, баталж байна. Оффшорыг өргөн хүрээнд батлах ёстой гэсэн гишүүд өнөөдөр арай өргөн хүрээтэй болчихлоо гэж байна. Засгийн газрын өргөн барьсан хуульд данс эзэмших, хувьцаа эзэмшихийг хориглох байсан. Гэтэл гишүүд хэлэлцүүлгийн явцад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө авахыг хориглож байгаа юм. Жишээ нь төрийн албан хаагч гадаадад явж байхдаа бугуйн цаг авах боломжгүй болчихоод байна. Хууль одоо 300-400 мянган хүнд энэ хууль хамаарах болчихоод байна. Энэ хүмүүс гадаад улсад явахдаа бугуйн цаг авах ч эрхгүй боллоо. Нийгэмдээ хөтлөгддөг асуудал ийм байдалд хүргэж байна Ж.Энхбаяр гишүүнээ. Та 2011 онд нэр бүхий гишүүдийн хамтаар санаачилж байсан. Тэр хуулийн төсөлд АТГ хуулийг хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Одоо ч тэр хэвээрээ Авлигатай тэмцэх газар хуулийг хэрэгжүүлнэ Засгийн газар тусална.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Надад бол одоо 250 хамаатан садан байна. Бүх хамаатан саданаа хайж олж ярих хэрэгтэй болоод байна шүү дээ. Жинхэнэ акулууд далайдаа тарвалзаад жараахайнууд л баригдаад ажилдаа ч томилогдож чадахгүй юм болох нь дээ. АТГ цаасандаа дарагдаад ажлаа хүчрэхгүй юм болох нь байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Иймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн мөн 74.1 хувь нь дэмжсэн юм. Уг хууль нь ердийн журмаар хэрэгжих юм байна.
ХУУЛЬ ТОГТООГЧ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ХАМГААЛАГЧ НАРТ · 2017/04/14
МАШ САЙН ХУУЛЬ ГАРСАН ШҮҮ. ЛОГИК УТГААР БОЛ ХАМААРАХ БҮЛЭГ ДОТОР БООССООСОО ИЛҮҮ БАЯН ХҮН ЯАЖ БАЙХ ВЭ ДЭЭ ХЭН НЭГ НЬ ОФШООРТ МӨНГӨТЭЙ БОЛ ТЭР БООССЫНХ НЬ БАЙЖ ТААРАА ИЙМД УГ ХУУЛИА ХАМГААЛЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДВАЛ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭН Д ТООЦНО ШҮҮ ХУУЛЬ ТОГТООГЧ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ХАМГААЛАГЧ НАРАА
зочин · 2017/04/14
хэн юу хэлэх нь хамааггүй ээ. Зүгээр л ард түмнээс оноо авах гэсэн шоу болохыг бид ойлгодог болсон. Харинэцсийн дүндээ ямар хууль батлав гэдэг л сонин байна.
зочин · 2017/04/14
Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэж кккк.Нямбаатарт баяр хүргье