Засгийн газар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор  үнэ тогтворжуулах хөтөлбөр гээчийг хэрэгжүүлж байгаа. Харамсалтай нь энэ хөтөлбөр  өнөөдөр үр дүнгээ өгөхгүй байна.  Өнөөдөр  атар талх 50 төгрөг, бусад талх нарийн боов 100-200 төгрөгөөр, өндөг 200 төгрөгөөр, тараг хоёр дахин нэмэгдсэн бол  элсэн чихэр, цагаан будаа хамгийн ихээр нэмэгдээд байгаа. Цагаан идээ хүртэл  250-1000 төгрөгөөр нэмэгдчихсэн байна.

300 төгрөгөөр худалдаагдаж байсан өндөг өнөөдөр нэг ширхэг нь 500 төгрөг болсон. Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хаана байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өндөг 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж нэг сагсанд хийгээд дундаж үнийг тооцоолж гаргадаг. 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Гарын таван хуруунд багтах мах, гурил, шатахуун, цементийн үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.  Бүх юмны үнийг  тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ” хэмээн хариулсан.  Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд маань үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар биш инфляцийн тодорхойлолтыг хэлж орхив. Үнэхээр  230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг багцлаад сагсанд хийгээд өнөөдөр тооцоод  үзвэл үнэ өссөн болох нь тодорхой. Хэнийг хуурах гээд байна вэ? Ерөнхий сайдаа.  Иргэдийг мангар, тэнэг гэж бодоогүй биз дээ.  

Та ажлаа олигтой хийж байгаа бол  өнөөдөр иргэд бүсээ чангалахгүй л байх шүү.

Өнөөдөр энгийн нэгэн айлаар жишээ авч  үнийн өсөлт хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлъя.  Өглөөний цайнд хүүдээ өндөгтэй талх бэлтгэхийн тулд өмнө нь 1100 төгрөг байхад л хангалттай байсан бол өнөөдөр хамгийн багадаа 1850 төгрөг байх шаардлагатай болчихоод байна.  Өнөөдөр цайны газруудаар хоол идэхэд ч бэрх болсон. Агаарын үнэтэй хэрнээ чанаргүй  хоол идснээс гэртээ өдөр хоол хийгээд идсэн нь дээр болчихож байгаа юм.  Будаа, мах, ногоо авсаар байтал  4000 төгрөг багадахаар. Өмнө нь ийм хэмжээний мөнгөөр  гурил будаа талхаа авч хүрдэг л байсан.  Орой нь хүүхэддээ аяга сүү хөөрүүлж өгөх гэхээр 700 байсан литрийн задгайгаар худалдаалагддаг сүү өнөөдөр 1100 төгрөг болчихоод байна. Энд оройн хоолыг огт оролцуулаагүй. Ингээд бодоод үзэхээр  гурван ам бүлтэй нэг айл дунджаар 10000 төгрөгөөр хооллож байгаа юм.  Тэгтэл өнөөдөр цалин нь нэмэгдээгүй байгаа. Тэгэхээр  хичнээн айл үнийн өсөлтөд өртөж, хямарч байгаа нь тодорхой.  

Хэрвээ үнэ тогтоворжуулах бодлогоо олигтойхон хэрэгжүүлээд,  валютынхаа ханшийг тогтвортой барьж чадсан бол  Ерөнхий сайдаа өнөөдөр ингэж олон айл  үнийн хямралд өртөж  үгээ хэлэхгүй л байх шүү.

 Бодлоготой, ухаантай ажиллахгүй бол өшөө олон өрхийн эдийн засаг хямарч, бүсээ чангалахын эцэсгүй болчих гээд байна. Та үнийн өсөлтийн хямралд өртөхгүй байгаа бол олон өрх үнийн өсөлтийн хямралд өртчихөөд бүсээ чангалаад туйлдахад хүрээд байна.  

Ажлаа сайн хий Ерөнхий сайдаа

А.Баярмаа