МҮОНТ-ийн Уран бүтээлчид Ч.Даваабаярыг алга ташин дэмжлээ
2013/11/24
МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг ажлаас чөлөөлсөн тухай мэдээлэл өнгөрөгч баасан гарагаас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн билээ. Түүнчлэн энэхүү тушаалыг гарахаас өмнө Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөллөө гэсэн мэдээллийг зарим хэвлэлээр зориудаар цацаж эхэлсэн. Үүсээд байгаа асуудлын талаар МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. МҮОНТ-ийн хэсэг уран бүтээлчид захирал Ч.Даваабаярыг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн шалтгаанаар огцруулах шаардлагыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт хүргүүлсэн. Энэ дагуу 12 сарын 21-ний өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ээлжит хуралдаанаа хийж, МҮОНТ-д үүсээд буй асуудлын талаар авч хэлэлцсэн байна. Хурлаар МҮОНТ-ийн нэр бүхий ажилтнууд, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр нарын хооронд үүссэн ноцтой зөрчлийн шалтгааныг судалж, зөрчлийг арилгах, хоёр талыг хоёуланг нь шалгах албан үүргийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт өгсөн байна. Үндэсний зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 2013 оны 12 дугаар сарын 2-ны дотор М.Наранбаатар тус зөвлөлд танилцуулах ёстой. Гэтэл энэ асуудал дээр ямар нэгэн ажлын хэсэг томилогдоогүй, хоёр талыг шалгаж ч эхлээгүй байхад буюу тогтоол гарсан өдөр л Ч.Даваабаярыг шууд ажлаас нь чөлөөлөх тушаалыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар гаргасан байна. Тэрбээр тушаал гаргасан даруйдаа өөрийн гаргасан тушаалыг бүрэн эхээр нь цахим хуудсуудаар тараасан. Энэ нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал хэмээх олон нийтийн томоохон байгууллагын эрх үүрэг хүлээсэн хариуцлагатай албан тушаалтан, ажил олгогч өөрөө ийм үйлдэл хийсэн нь албан байгуулагын дотоод асуудал, хийгээд Ч.Даваабаяр хэмээх хүний нэр төрийг үл хүндэтгэсэн хэрэг болж таарч байгаа юм. Иймээс Ч.Даваабаяр, М.Наранбаатарын гаргасан тушаалыг хууль зөрчсөн гэж үзээд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд гомдол хүргүүлсэн байна. Тус зөвлөлийн 11 дүгээр сарын 21-ний өдрийн ¹49 тоот тогтоолоор МҮОНТ-ийн ажилтнуудаас Үндэсний зөвлөлд ирүүлсэн өргөх бичгийн дагуу дарга ажилтнуудын хооронд үүссэн ноцтой зөрчлийн шалтгааныг судалж, гарсан үр дүнг 12 дугаар сарын 2-ны өдөр Үндэсний зөвлөлд танилцуулахыг үүрэг болгосон байтал М.Наранбаатар нь хууль зөрчин, зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлж, өргөх бичигт дурдсан асуудлын үнэн зөвийг нягталж үзэлгүй, зөвлөлийн тогтоолоор далимдуулан ажлаас халсан гэж үзэж байна. Дээрхи үндэслэлээр Ч.Даваабаяр МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарыг шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байгаа юм байна.