УИХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам ялалт байгуулж, парламентад нийт 65 суудалтай болсон билээ. Сонгуулийн дүн  гарсны дараа иргэдийн бүү хэл МАН-ын зарим гишүүдийн ч таамаглаж байгаагүй хүн буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат  Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдсон юм.

Мөн МАН-ынхаа гишүүдийн дунд ч  бараг танигдаагүй, намын удирдлагын түвшинд бол огт ажиллаж байгаагүй, улс төрийн туршлага багатай Д.Ганбат, А.Цогцэцэг, П.Сэргэлэн, П.Ганхүү гэх мэт хүмүүс Засгийн Газрын гишүүн, сайдаар томилогдсон. Тэр бүү хэл зарим сайд нарыг хэн нэгний худ ураг,  мөн авилга өгч албан тушаал худалдан авсан гэх яриа хүртэл иргэдийн дунд гарч байлаа. Мөн л хачирхалтай нь эдгээр ярианд албан ёсоор няцаалт хийсэн сайд  байхгүй. Байгуулагдаад нэг жилийн ч хугацаа өнгөрөөгүй байгаа боловч Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрын нэр хүнд тун тааруу түвшинд хүрээд байна. Сангийн Сайд Б.Чойжилсүрэнгийн эргэж буцсан мэдэгдлүүд, Батлан Хамгаалахын Сайд Б.Бат-Эрдэнэ ба Тавантолгой сургалтын төвд болсон осол гэх мэтчилэнгээр асуудал ар араасаа хөвөрч буй бөгөөд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдэл "гал дээр тос хийж" орхив.

Тэрээр Засгийн газар "МАК" компанид илтэд үйлчилсэн шийдвэр гаргаж байна гэж дүгнэсэн бөгөөд энэ тухайгаа : "Би үүнийг ОУВС-тай хийж байгаа хөтөлбөр дотор концесстой холбоотой хэд хэдэн ноцтой тохиролцоо байна гэж хараад байгаа юм. Нэгдүгээрт, өмнө нь хийгдсэн концессын гэрээнүүдэд аудитын шалгалт хийх, бодит санхүүжилт хийнэ гэсэн тохиролцоо. Хоёрт, ойрын хэдэн жил концессын гэрээг хийхгүй гэсэн тохиролцоо хийгдсэн байгаа юм. Засгийн газар бүх концессыг зогсоосон. Бараг л ийм гэрээ хийхгүй гэж гарч ирсэн байх шүү. Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэж байх үед хэд хэдэн концессын тухай асуудлууд яригдсан. Зарим концессыг сайд нар нь авч байгаа гэсэн яриа хэлэлцээр яваад байгаа. Түүнийгээ үнэн зөвөөр нь тодорхой болгохын тулд ажлын хэсэг гаргаж ёстой гэдэг санал би байнгын хорооны хурал дээр ч, бүлгийн хурал дээр ч хэлж байсан. Түүнээс гадна Засгийн газар байгуулагдсанаас хойш зөвхөн төрийн ажил, Засгийн газрын ажлаа хий, хувийн компанитай холбоотой ямар нэгэн яриа шийдвэр байж таарахгүй шүү, хэрвээ ийм ажил хийгээд эхэлбэд АН-аас ялгагдахгүй шүү гэдгийг Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хэлж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйл үнэн бол алдаагаа засах хэрэгтэй, Засгийн газар. МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулж байгаа. Энэ дүнг л хүлээх үлдэж байна. Энэ Засгийн газар хувийн сонирхлоос хол байж шударга байх ёстой гэсэн зарчимтай л байгаа юм.

...УИХ-ын гишүүдийг нүүрсний арилжаанд оролцох оролцоог нь Ерөнхий сайд хаасан учраас гишүүд бухимдаж байна гэж концессын гэрээний асуудлыг мушгисан байсан. Бүлгийн хурал дээр ч, байнгын хорооны хурал дээр ч зөвхөн концессын гэрээнээс болж гишүүд бухимдсан, шүүмжилсэн, маргасан. Асуудал ил тод байх ёстой, алдаа гарсан бол засах ёстой гэдэг гишүүдийн байр суурь зөв. ОУВС-тай тохиролцчихоод ар хударгаар нь өөр юм хийгээд байвал бид нартай хэн хамтрах вэ. Нэг концессын гэрээ хийгээд үнийн дүнг нь 4-5 дахин нэмдэг ноцтой асуудал өмнөх Засгийн газрын үед гаргасан. Тиймээс бид өмнөх Засгийн газрын алдааг давтахгүйн тулд концессын гэрээний асуудлыг шалгах нь зөв гэж үзэж байгаа юм. Учир нь өмнөх Засгийн үед цөөнгүй сургууль, цэцэрлэгийг концессын гэрээгээр эхлүүлээд гацчихсан зүйлүүд байна. Нисэхийн 300 хүүхдийн эмнэлгийн барилгыг гэхэд л концессын гэрээнд орчих гэж яригдаад байгаа юм. Хэвлэл дээр гарсан үний дүнг харахад аймшигтай өндөр төсөв харагдаж байна. 20 тэрбум төгрөг гэнэ. Би. Цагдаагийн Ерөнхий газрын барилгыг 10 тэрбум төгрөгөөр бариулсан юм шүү дээ. Төрөх эмнэлэг энэ барилгаас томгүй гэхээр 20 тэрбум юу л бол. Ямар ч гэсэн ажлын хэсэг тэр концессын гэрээг нь шалгаж, нэгдсэн дүнгнэлт гаргах байх." хэмээн тайлбарласан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвших магадлал маш өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулж мэдэх тухай яриа улс төрийн орчинд бодитойгоор яригдаж эхэлжээ. МАН-ынхан "Алаагүй баавгайн арьсыг одоохондоо хуваах хэрэггүй" гэсэн зарчмаар энэ тухай ил тод ярихаас түр түтгэлзэж байгаа ч Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газар 2020 он хүртэл ажиллаж чадах эсэх нь маш эргэлзээтэй болоод байна.

П.Энхмандах

sonin.mn