Яг одоо манай улсын эдийн засаг долларжчихаад байна. Хаана л харна, ам.доллараар зарна гэсэн баахан зар хадаастай. Байрны ам метрийг хүртэл ногоон энэ дэвсгэртээр тооцоолдог, зарим хүн цалингаа төгрөгөөс ам.долларт шилжүүлж ганц хоёр валют ч гэсэн цааш нь хийхийг оролдох болж.

Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэр  дээр ам.доллараар худалдаа наймаа хийхийг хориглосон хуультай хэр нь гааль болоод онцгой албан татварыг мөн л валютаар төлж байна. Гэсэн хэрнээ ам.доллараар хадгаламж, зээлтэй байж болно гээд хуульдаа бас заачихсан.

Өөрөөр хэлбэл, нэг гараараа боль гэж хориглоод байгаа хэр нь нөгөө гараараа зөвшөөрөөд байгаа Монголын өнөөгийн байдал тэр чигээрээ ам.доллараар “үерлэсэн” хямрал дагуулж мэдэхээр байна. Яагаад гэхээр ам.долларын зээлийн хүү төгрөгийнхөөс хамаагүй бага харагддаг болоод ч тэр үү иргэд олноороо ам.долларын зээлд хошуурч байна.

Тэгээд ч өнөөх зээлийг нь өгч байгаа банкнаас нь “Ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор зээл төлөх хэмжээнд өөрчлөлт орж болзошгүй” гэж ганц удаа зөвлөгөөний шинжтэй юм ч хэлээд өгөхгүй. Ингэхээр эцэс сүүлд нь авсных нь хохь болоод өгснийх нь олз болоод дуусч байна даа.

Ам.долларын ханш 1760 төгрөгт хүрлээ. Ингэхээр 1354 төгрөгтэй тэнцэж байхад нь ам.долларын зээл авсан хүмүүс одоо 200-300 мянган төгрөгийн алдагдал хүлээгээд сууж байна. Хуулиараа угаас валютын зээл олгохыг зөвшөөрчихсөн болохоор  хууль ёсны дагуу иргэдээ хохироох бодлого болоод байна уу. Тэгэхээр энэ талаас нь төр нь асуудлыг олж хараад зах зээлийн жамаар, бас хууль ёсны дагуу хохироод байгаа иргэдээ харах цаг нь болжээ. Үгүй бол валютын ханш цаашид өссөөр байвал ам.долларын зээлтэй хүмүүс дампуурахыг зүгээр хараад суух уу?

С.Саруул