“Лабораторийн эмч нарын зөвлөлдөх уулзалт-2013” эхэллээ
2013/08/04
Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Лабораторийн эмч нарын зөвлөлдөх уулзалт-2013” өнөөдөр эхэллээ. Уг үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа нээж хэлсэн үгэндээ эрүүл мэндийн лабораторийг хөгжүүлэхэд хичээн ажиллаж хувь нэмрээ оруулж буй эмч, мэргэжилтнүүдэд талархлаа илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ, “Эрүүл мэндийн лабораторийн тусламж, үйлчилгээ нь эрүүл мэндийн системийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний явцын болон үр дүнгийн хяналтад лабораторийн шинжилгээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ДЭМБ-аас 2010 онд гаргасан “Эрүүл мэндийн лабораторийн үйлчилгээг 2010-2015 онд бэхжүүлэх Ази номхон далайн стратеги”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор бид Эрүүл мэндийн сайдын 2010 оны 425 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн лабораторийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх үндэсний стратеги 2010-2015”-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд анхаарах гол асуудлын нэг нь улсын хэмжээнд чанарын гадаад хяналт, арга зүйн удирдлага, лавлах хэмжээг хариуцах үүрэг бүхий нэгдсэн лавлагаа лабораторийг байгуулах явдал бөгөөд энэ үйл ажиллагаанд ахиц гаргах хэрэгтэй байна” хэмээн онцлов. Мөн цаашид удирдлага болон тоног төхөөрөмж, хэрэгсэл, урвалж оношлуурын хангалтын нэгдсэн тогтолцоо, орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг өөрийн оронд сонгон нэвтрүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, ашиглалтыг сайжруулах, тасралтгүй сургалтын орчин бүрдүүлэх замаар хүний нөөцийг чадавхжуулах зэрэг олон асуудлыг шат дараалан шийдвэрлэх шаардлагатай байгааг ч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа тэмдэглэн хэлсэн юм.“Лабораторийн эмч нарын зөвлөлдөх уулзалт-2013” арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд аймаг, нийслэлийн хувийн болон улсын эмнэлгийн 50 орчим лабораторийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Тэд Эрүүл мэндийн лабораторийн тусламж, үйлчилгээний стратегийн явц, улсын хэмжээнд явуулж буй гематологи, биохими, иммунологи, трансфузиологийн чанарын гадаад үнэлгээний үр дүн, лабораторийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үнэлгээ, тэдгээрийг хэрхэн сайжруулах арга зам хийгээд тулгамдаж байгаа бусад асуудлын талаар зөвлөлдөнө.