АН-ыг С.Эрдэнэ муухай харагдуулж байна
2017/04/24
Та нар С.Эрдэнийг намын дарга болгочихоод намаараа шоронд очиж эргэх гэж байгаа юм уу?
Нийтлэлч Баабар
АН-ын даргын сонгуулийн өмнө ийм хоржоонтой, хорон асуултыг нийтлэлч Баабар тавьж, намын нөхдөөсөө ам асууж байсан удаатай. Гэвч түүний анхааруулж хэлж байсныг эс тоон АН-ын гишүүд даргаараа С.Эрдэнийг сонголоо. Дотоод сонгууль будилаантсан, мөнгө тараасан, луйвар хийсэн зэрэг бол хэдийнэ хоёрдугаар зэргийн асуудал болж хувирсан. Бандан тас гэдэг шиг С.Эрдэнэ АН-ын дарга болсон нь өнөөдрийн бодит нөхцөл байдал. Тэгвэл АН С.Эрдэнэ гэдэг даргатай болсноор юу өөрчлөгдсөн бэ. Үгүй ээ, С.Эрдэнэ АН гэдэг намтай болсноор юу өөрчлөгдөв гэж асуух нь зөв байх. Яриад байсан, хэлж явсан, амалж байсан шинэчлэл нь хийгдсэн үү гэдгээс бичвэрээ эхэлье.
Монголын улс төрийг хоёр том нам төлөөлдгийн нэг нь АН. Гэвч шинэ дарга С.Эрдэнэ нь намаа Эрдэнийн нам (ЭН) болгож өөрчлөхөөс ажлаа эхэлсэн. Тэр Баянголын, бас Шонхор фракцын, мөн Нийгмийн даатгалын гэх тодотголтой хүн. Тэгвэл АН одоо яг эдгээр тодотголуудыг нь шошго мэт биедээ наах болжээ.
Намын Их хурлаа заавал Баянгол дүүрэгт хуралдуулдаг, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааныг ч энэ дүүрэгт байх ресторан дотор батламжилдаг болов. Ингээд зогсохгүй АН-ын Төв байрыг Шонхор фракцын төв оффис болох “Шонхор тауэр” рүү нүүлгэж аваачлаа. Нэг ёсондоо АН дотоод фракцынхаа төв оффисын хажуу өрөөнд толгой хорогдох хэмжээний нам болж жижгэрлээ. Мөн С.Эрдэнэ энэ намыг мөнгө босгох сүлжээ болгон хувиргасан. Сая болж өнгөрдөг дотоод сонгуульд нь мөнгөтэй хүн л нэр дэвших болохоос АН-ын төлөө амьдралын багагүй хугацаагаа зарцуулсан жирийн гишүүдэд нь хаалттай болов. Өөрөөр хэлбэл, АН-ын мянга, мянган гишүүдийн сонгогдох эрхэнд халдаж мөнгөтэй гишүүн, мөнгөгүй гишүүн гэж хоёр хуваалаа. АН-ыг ЭН болгох энэ бүх процессууд маш амжилттай болж өнгөрч байна. Эд бүгд С.Эрдэнэ даргын хүслээр хийгдэж байгаа өөрчлөлтүүд бол хүслийнх нь эсрэг явж байгаа ганц зүйл нь түүний Нийгмийн даатгалын гэх тодотгол одоо АН-д бүхэлд нь наалдсан явдал юм. Тайлбарлъя...
С.Эрдэнэ бол үнэхээр нийгмийн даатгалтай нэг насаа холбосон хүн мөн үү гэвэл мөн. Тэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар дөрвөн жил, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар мөн дөрвөн ажилласан хүн. Найман жил энэ салбарын удирдах албан тушаалыг хашиж явахдаа сайнаас илүүтэй саартай нэр нь холбогдож байлаа. Нийгмийн даатгалынхан нас барсан хүний нэр дээр мөнгө шамшигдуулдаг, халамжийн мөнгийг хань хамсаатандаа өгдөг гэх муу бүхэн салбарын сайдаар ажиллаж байсан хүнтэй хүссэн ч, эс хүссэн ч холбогдчихдог.
Үнэхээр С.Эрдэнэ дарга энэ сэдвээс болж МАН-д үг хэлж, сөрж ажиллах бяр хүч дутаж байна. Түүнийг юм хэлэхээр л өөдөөс нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө яриад л дуугүй болгочихдог байдал хэдийнэ бий болсон байна. Өнгөрсөн оны сүүлээс олон удаа энэ сэдвээр амаа таглуулж байхыг харлаа. УИХ дээр Ж.Энхбаяр гишүүний хэлсэн үгийг тэр няцаах ч тэнхэлгүй байгааг олон нийт цэнхэр дэлгэцээрээ харсан. Нийгмийн даатгалын сангаас болж АН-ын даргын сонгууль үндсэндээ АН-ын булшны сонгууль болжээ. Буруу хүнээ даргаар сонгосон байна гээд дүгнэчихэж ч болох юм шиг. Бүлэг байгуулах хэмжээний цөөнхийн цөөнх болсон АН-ынхан эрх баригчдын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлэхгүй байгаа нь намын даргатай нь холбоотой гэх яриа улс төрийн хүрээнд гараад амжиж. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, нас барсан хүний нэр дээр мөнгө шамшигдуулсан гээд С.Эрдэнэтэй наалдах хар сэдэв цөөнгүй байгаа нь зөвхөн С.Эрдэнийг өөрийг нь биш, АН-ыг муухай харагдуулж байгаа юм.
Тиймээс ч нийтлэлч Баабар “Та нар С.Эрдэнийг намын дарга болгочихоод намаараа шоронд очиж эргэх гэж байгаа юм уу” гэж АН-ын гишүүдийг хэдэн сарын өмнө тавлаж байсан биз. Яг түүний зөгнөж байсанчлан нийгмийн даатгал гэсэн сэдэв л АН-ыг үнэндээ сүр хүчгүй болгожээ. Энэ байдал даамжирвал АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэдэг хоосон зүүднээс ч ялгаагүй болох биз. Ийм хариуцлагатай сонгуулийн өмнө АН С.Эрдэнэ гэдэг даргатай болсноороо сайныг үзэхгүй нь. Түүнийг намын даргаар сонгогдсоны дараа нийтлэлч Баабарын хэлж байсан үг санаанд бууж байх юм. Тэр “Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ. АН эргэж сэргэхийн тулд ёроолдоо тултал унах ёстой” гэж байжээ.
Б.Тэнүүн
sonin.mn
Ч.Туяа\Хэнтий\ · 2017/04/24
Одоо ниргэсэн хойно нь хашгираад яахавдээ
ZOCHIN · 2017/04/24
AH IIG MUUHAI HARAGDUULJ BGAA HVN ZONDOO BNA ELBEGDORJ BATVVL BAYRTSOGT SAIHAN BILEG C ERDENE MASH OLON HVN BAINADAAA