МАХН хөзрөө дэлгэв үү?!
2017/04/25
-Намбарын хүү номер нэгт байх нь тодорхой ч тэдний "Б" төлөвлөгөө нь Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун уу-
Нэгэн цагт МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Баасанхүү тухайн үед "үйлчлүүлэгч"-ийнхээ дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүн болсон ч хоёр дахь удаагаа бол өөрийнхөө хүч, хөдөлмөрөөр парламентын гишүүнээр сонгогдсон гэхэд хилсдэхгүй. Энэ ч үүднээс түүнийг "намаасаа гарах гэж байна", "намын даргадаа гомджээ" гэх үгс байнга дагадаг. Нөгөөтэйгүүр хоёр дахь удаагаа парламентын гишүүн болсноос хойш мань эрийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь намынхаа байр суурь гэхээсээ илүүтэй хувь улстөрчийнх нь үзэл бодол байдаг болсон. Учир нь, тэр өнөөдөр бол намдаа ганц суудал авч ирсэн төдийгүй МАХН-д Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийгээ нэр дэвшин өрсөлдүүлэх боломжийг нээж өгсөн гавьяатан юм.
Харин өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас хэн нэр дэвшин өрсөлдөх нь бараг л тодорхой байв. Бүгд л намын дарга Н.Энхбаярыг нь нэр дэвшин өрсөлдөнө хэмээн таамаглаж, зарим нь түүндээ ч бат итгэлтэй байлаа. Гэвч О.Баасанхүү гишүүний өчигдөр хийсэн мэдэгдэл, хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд МАХН ч гэсэн дотооддоо хагаралтай, хэнийгээ Ерөнхийлөгчийн сунгаанд сойхоо эцэслэн шийдээгүй нь харагдаж байна. Учир нь, МАХН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэх боломжгүйд хүрвэл Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууны нэрийг дэвшүүлэхээр ярилцсан талаар О.Баасанхүү гишүүн ам алдсан бол МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж гишүүнийхээ үгийг эрс үгүйсгэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "МАХН өөрийн гэсэн дүрэмтэй. Улс төрийн намын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Бид Бага чуулганаараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Таван хүн нэр дэвшүүлж, хамгийн өндөр санал авсныг нь өрсөлдүүлнэ" гэж ярьснаас гадна "Намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Гэхдээ ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд хувилбар бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунтай олон удаа уулзаж, ярилцсан. Тэр эцсийн хариугаа хэлээгүй байна. Гэхдээ бас татгалзаагүй" хэмээн өчигдөр мэдэгдлээ. Ингэхдээ мань эр "МАХН-ын Бага чуулганы 200 орчим гишүүний 50-иас дээш хувь нь миний ижил байр суурьтай байгаа" хэмээн тодотгохоо ч мартсангүй.
Харин О.Баасанхүү гишүүний энэхүү мэдэгдлийг Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун ч үгүйсгээгүй билээ. Тэрбээр "МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших санал ирсэн. Гэхдээ энэ яриа эцэслэн шийдэгдээгүй. Ийм асуудалд бодож байж хариу өгөх ёстой. Ямар ч шийдвэр гарч болно" гэсэн хариуг мөн хэвлэлд дайсан юм.
Тэгвэл нөгөө талд МАХН-ын Нарийн бичгийн дарга, хуульч Ц.Шаравдорж О.Баасанхүү гишүүний ярьсан зүйлийг эрс үгүйсгэлээ. Тэрбээр "Бид хоёрдмол санаагүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг дэвшүүлэхээр тогтсон. Хамт олноороо, намаараа ярьж байж ийм шийдвэрт хүрсэн" гэх тайлбарыг хэвлэлд өгч байгаа юм. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд УИХ-ын дэд дарга асан Л.Цог бас л хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр дарга нэр дэвшинэ" гэх утгатай зүйлийг ярьсан удаатай.
Энэ бүхнээс үзэхэд мэдээж Намбарын хүү номер нэгт байх нь тодорхой ч тэдний "Б" төлөвлөгөө нь Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун байхыг үгүйсгэх аргагүй. Магадгүй О.Баасанхүү гишүүн намынхаа хөзрийг арай эрт дэлгэчихэв үү гэлтэй. Ямартай ч өнөөгийн эрх баригч болон сөрөг хүчинд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх сонирхол байхгүй. Тэд өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуульд Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хаасан шигээ ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг нэр дэвшүүлэхгүйн тулд ямар нэгэн башир арга хэрэглэхгүй гэх газаргүй билээ. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдээд байна.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших асуудлаас гадна О.Баасанхүү гишүүний өчигдөр хийсэн мэдээлэлд олны анхаарлыг татсан бас нэгэн сэдэв бол МАН-аас зургаан хүн МАХН-д орох тухай юм. Тэрбээр энэ талаар "МАН-ын зургаан гишүүн манай намд орохоор ярьсан. Манайд ирэх зам нь улам засагдаж байгаа. Би хэзээ ч худлаа ярьдаггүй. Ямар ч байсан зургаан гишүүн МАХН-д орно гэдэг тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бол орж ирэхгүй байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хөдөлгөөнд орно.
Шударга бусын хонгилоор хэн ч явахыг хүсэхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар биш шүү. Ц.Даваасүрэн гишүүн дээр очоод “Та МАХН-д орохоор ярьсан юм уу” гэж асуугаад бүр уурлуулчихсан байна лээ. Хөөрхий тэр хүний орж, гардаг хугацаа болсон. Нэг намаасаа гараад, нэг бие дааж үзээд, зөндөө л юм боллоо шүү дээ. Бид ч гэсэн тэр хүмүүсийг тайван байлгамаар байна. Тийм хүмүүстэй бид ярихгүй. Оръё ч гэсэн манай намын хаалга хаалттай” гэсэн билээ.