“Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалт болно
2017/04/25
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг дэлхий нийтээрээ 24 дэх жилдээ тэмдэглэж байна.
Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд үйл ажиллагаа явуулж байгаа цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооноос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 09:00-18:00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалтыг:
-Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага
-Хэвлэл мэдээллийн ёс зүй
-Сэтгүүлчийн аюулгүй байдал гэсэн гурван багц, найман сэдвийн хүрээнд зохион байгуулна.
Сургалтыг Глоб Интернэшнл төвийн тэргүүн, ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Үндэсний Хорооны дарга Х.Наранжаргал, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газрын мэргэжилтэн А.Цэцэгмаа, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, МСНЭ-ийн Сургалт судалгааны үндэсний төвийн тэргүүн, МУБИС-ийн багш, доктор Ж.Батбаатар, Глоб Интернэшнл төвийн сайн дурын ажилтан Брүүк Даниелс, Монголын Кибер довтолгоотой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтар, хуульч, судлаач Л.Галбаатар тэргүүтэй хүмүүс удирдан явуулна.
Энэ жил дэлхий нийтээрээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Эгзэгтэй цаг мөчид эргэцүүлэн тунгаах ухаанаар хандах нь” гэсэн уриатай тэмдэглэж байгаа бөгөөд аливаа асуудалд тайван шударга хандах, нийгмийг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж байгаа юм байна. Тэгвэл Монголын сайтын холбооны зүгээс цахим сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг таатай болгох зэрэг зорилтын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 10-18 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын зааланд эхэлнэ.
Холбоо барих утас: 97111173