Х.Бадамсүрэнгийн тансаглалын шалтгаан нь Ц.Ням-Осор байжээ
2017/04/25
Ц.Ням-Осор өөрөө сүүлийн үеийн машинтай болохын тулд Засгийн газрын чиглэл зөрчиж Х.Бадамсүрэнг “LX 570” 300 саяар авахыг зөвшөөрчээ
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаа авснаасаа хойш төрийн мөнгөөр тансаглаж байгаа олон баримт ил болоод байгаа. Гэхдээ тэр ганцаараа энэ бүхний эзэн биш ажээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх захирлын хэрэглэж байсан жил гаруйхан хугацаанд унасан “LX 570” машиныг ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт шилжүүлсэн нь шинэ баримтаар нотлогдлоо. Нэг үгээр, Ц.Ням-Осор өөрөө 570 унахын тулд Х.Бадамсүрэнг Засгийн газрын чиглэлийг зөрчин байж, үйлдвэрийн хөрөнгөөс 300 сая төгрөг гаргуулан шинэ “LX 570” худалдан авахыг нь зөвшөөрчээ.
Баримтыг харвал Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2016 оны 11-р сарын 24-ний өдөр Эрдэнэт үйлдвэрт машин гаргаж өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн байна. Энэ нь Х.Бадамсүрэнг үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилсон өдөртэй давхцаж байгаа нь энгийн тохиолдол гэхэд бэрх. Ц.Ням-Осор өөрийнхөө хүнийг удирдлагаар томилуулчихаад жижиг Бенз машин унаад явж тэсээгүй биз. Энэ албан бичгийг үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрт ашиглагдаж байсан 0405 УНТ улсын дугаартай “LX 570” маркийн автомашиныг зөвхөн ерөнхий захирлын гарын үсгээр ТӨБЗГ-ын балансад шилжүүлжээ. Хуулиараа нэг байгууллагын балансаас нөгөө байгууллагын балансад ийнхүү өмчийг шилжүүлэхийг хориглодог. Харин манай дарга нарт хууль үйлчилдэггүйн бас нэг баталгаа энэ болж байна.
“Эрдэнэт”-ээс хувийн хэрэгцээндээ машин гаргуулж байгаа нь Ц.Ням-Осорын хувьд анхных биш. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрээс түүний шаардлагын хариуд 2008 оны загварыг гаргаж өгөхөд түлхүүрийг нь буцаагаад шидсэн гэж үйлдвэрийнхэн ярих юм билээ. Тиймээс ТӨБЗГ-ын даргын шаардлагаар Х.Бадамсүрэн хөл дүүжлэх унаагүй болж, “арга ядахдаа” 300 сая төгрөгөөр шинэ “LX 570” авч унасан байж болох юм.