Одоогоос хоёр жилийн өмнө Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан бондуудын зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжүүлсэн хөтөлбөр, төслийн сонголт хуульд нийцсэн эсэхийг судлах ажлын хэсэг шалгалтын дүнгээ танилцуулсан нь дуулиан дэгдээж байлаа.
 
Эдийн засаг, Төсвийн гэсэн мэргэжлийн хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх гэтэл АН-ын бүлгийн гишүүд ирц бүрдүүлэхгүйн тулд картаа сугалж, энэ асуудлыг олон нийтэд ил болгохыг эсэргүүцэж байсан. Ажлын хэсэг дүгнэлтээ ил тод болгосноор "Чингис" бондын хөрөнгийг санасан зоргоороо салхинд хийсгэж, гарын салаагаар хэрхэн урсгасныг нийтээрээ мэддэг болсон. Энэхүү ажлын хэсэг дүгнэлтээ гаргахаас өмнө "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас 2014, 2015 онд хоёр удаа аудит хийж, Сангийн яамнаас ажлын хэсэг гаргаж, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан байдаг. Гэвч эрх баригч АН эдгээр эрх бүхий байгууллагын хууль ёсны дүгнэлт, зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй, бултаж зугтсаар байсан. Харин оны өмнө Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд дахин шалгалт хийж, шалгалтын дүнгээ байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнээр тэд бултах газаргүй болсон юм. Хөгжлийн банкны санхүүжилтийн гол эх үүсвэр нь 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд. Гэтэл уг шалгалтаар Хөгжлийн банкинд "Чингис" бондын талтай тэнцэх хэмжээний 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илрүүлсэн. Тухайлбал, "Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүний зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болсон байна. Мөн Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрчээ. Ажилдаа дэндүү хайнга хүнийрхүү хандсаны балаг ийм их мөнгөөр хэмжигдсэн гэсэн үг. Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй зардлууд ч дурайна. 
 
Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид Засгийн газрын хүлээх эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн гуравны нэгээс хэтрэхгүй байх заалт чиглэл өгсөн ч энэ үүргийг тухайн үеийн салбарын сайд, Хөгжлийн банкны удирдлагууд огтхон ч хэрэгжүүлээгүй. Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдах хуультай. Гэтэл ихэнх нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр санхүүжилт олгогдсон. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй ажлуудад бондын мөнгөний нэлээд нь үрэгджээ. 
 
Орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт хангагдаагүй, авто зам, хөдөө аж ахуй гэх мэт салбарт тендер зарлалгүй шалгаруулалт хийсэн зөрчлүүд ч дүүрэн. Хямд өртгөөр их ажил хийх нэрийдлээр төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон байсныг ч ажлын хэсгийнхэн шалгалтын явцад тогтоосон байдаг. Гурван тэрбум төгрөгийн тендертэй замын ажил авсан атлаа ажлын явцад 10 тэрбум төгрөгийн өртөгтэй болгосон, замын тусгай зөвшөөрөлгүй компани тендер аваад ажил гүйцэтгэж байхдаа тусгай зөвшөөрлөө нөхөж авсан зөрчил ч гарчээ. Жишээ нь, “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч зураг төслийг нь хийсний дараа нэг тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөснийг шалгалтаар илрүүлсэн юм. Ямар сайндаа л тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн сайдтай цагаан сараар золгох үед гоё дээл хувцастай ирсний урамшуулалд Хөгжлийн банкны хурган даргыг 3.5 сая төгрөгөөр урамшуулж байх вэ дээ. Энэ мэтчилэн удирдлагуудын хариуцлагагүй, хяналтгүй, дур зоргоороо байдлаас үүдэлтэй хууль тогтоомж ноцтой зөрчсөн үйлдэл олон байна. 
 
АН-ын эрх барьж байх үедээ хамгийн их мөнгө босгосон, хамгийн бийлэгжүү засагтай байсан. "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллар, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эдийн засагт эргэлдэж байсан нь чин үнэн. Хэрвээ бодлоготой, тооцоотой, зөв зарцуулсан бол эдийн засаг өнөөгийнх шиг ингэтлээ элгээрээ хэвтэхгүй байлаа. Улс орон өр зээлд баригдахгүй байлаа. Ингээд үзвэл бондын зарцуулалтад эрх бүхий олон байгууллагаас хийсэн шалгалт, баримт нотолгоо өчнөөн байна. Гагцхүү буруу замаар будаа тээсний хариуцлагыг албан тушаал хашиж байсан хүмүүстэй тооцох цаг нь болжээ. 
 
sonin.mn